Ger bul ba Uls tor - Baabar Flipbook PDF

багш нартаа

31 downloads 105 Views 81MB Size

Recommend Stories


61 C 480 B CK 61-ULS CK 62-ULS CK 63-ULS
103037_AKG:_ 17.06.2010 11:51 Uhr Seite 1 C 480 B comb-ULS/61 C 480 B CK 61-ULS CK 62-ULS CK 63-ULS BEDIENUNGSANLEITUNG . . . . . . . . . . . B

VERBOS TERMINADOS EN GER, GIR
VERBOS TERMINADOS EN GER, GIR VOCABULARIO: Recoger, acoger, fingir, elegir, proteger, coger, exigir, dirigir, encoger, escoger, rugir, mugir, afligir,

Referencia: 9641 BA ( )
NIESSEN EIB NIESSEN EIB Detector de movimiento Referencia: 9641 BA (6132-0-0124) El módulo de aplicación del Sensor Detector de movimiento se sitúa

University volunteer TERMS OF REFERENCE: ToR 16
University volunteer TERMS OF REFERENCE: ToR 16 Preamble: The United Nations Volunteers (UNV) programme is the UN organization that promotes volunteer

Story Transcript

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ ГЭР БҮЛ БА УЛС ТӨР


ИХ НАЯД ТӨГРӨГНИЙ ЗҮСЭМ ТАЛХ Одоо ч тооны орон хамаагүй болж дээ. 5 мянган төгрөг суйлаад баригдчихсан гудамжны хүүхдийг зурагтаар харуулахаар хүн болгон ойлгоно, тэр дарга авилгад 5 тэрбум төгрөг авчихжээ гэхээр нөгөө нусгай хүүхэдтэй л адилтгаж үзнэ. Хэрэв сонинуудад үнэмших юм бол сая шийтгүүлдэг Баатар 107 тэрбум төгрөг тууж орхижээ. Хүмүүс маш их ойлгож байна, учир нь энэ тоо хэдэн оронтой болохыг бараг цөмөөрөө мэдэхгүй буюу анзаарахгүй юм чинь. Гэтэл энэ хэлээд байгаа тоо бол Монгол улсын Үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувь шүү дээ. Улсын төсвийн бол 12 хувь хүрч байна. Хэрэв улсынхаа нийт үйлдвэрлэлийн ийм хувийг шуучихсан бол лав Гиннесийн номд бичигдэх ёстой ба тэндээ бүр үүрд хадагдах биз! Хүний түүхэнд байгаагүй ихээр баяжсан хүн бол 100-аад жилийн өмнө амьдарч байсан Рокфеллер. Тэрээр 900 сая долларын хөрөнгөтэй болсон нь АнУ-ын Үндэсний нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүрч байв. Ханшаар нь бодоход өдгөө дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс хэдийгээр 50 тэрбум долларын хөрөнгөтэй боловч Рокфеллер шиг болохын тулд одоогийн хөрөнгөө дор хаяхад дөрөв дахин нэмэх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр яаж хулгайлаад саванд байгаагаас ихийг авч болдоггүй юм. Эсвэл даахаасаа илүүг авах бололцоогүй. Кран, камазтай байгаад ч. Шаравдорж гэж нэг гишүүн дарга байх, тээр жил намайг 27 тэрбум төгрөг авчихсан юм шиг баахан ярьж зурагтын баатар болов. Тухайн үедээ Монгол улсын бүх хөдөлмөрлөж буй хүмүүсийн хагас жилийн цалин тэтгэвэртэй тэнцэх энэ тоомөнгийг 100- тийн дэвсгэрээр бодоход 30 ширхэг Зил 130 машин хэрэгтэй гэсэн тооцоо гарч байсан. Авилга, хээл хахуул л гэцгээх юм, үүнийг хаанаас авдаг юм бэ? Энэ нь улсын төсвөөс л гардаг юм. 1999 онд улсын төсвийн хэмжээ 290 сая доллар байсан, одоо бараг тэрбум доллар болж байна. Дор хаяхад гурав дахин нэмэгджээ. Тэр үед улсаас цалин авдаг хүн 120 мянга байсан одоо 135 мянга болж. Мөнгийг нь авдаг хүн 10 хувиар л нэмэгджээ. Тэгвэл цалин нь хорогдоогүй юм гэхэд лав л гурав дахин нэмэгдсэнгүй. Харин авилга хэдэн зуу дахин нэмэгдсэнийг бурхан л мэдэх биз. 2000 онд Энхбаяр ДнБ-ийнхээ 29 хувийг улсын төсөвт цуглуулдаг улс хүлээж аваад 2004 онд 47 хувийг нь цуглуулдаг улс хүлээлгэж өгсөн. Ингэхээр авилгын мөнгө ямар эх үүсвэрээс гардаг нь харагдаж байна уу? Чухам тэр шуудайн дотор л өнчин хүүхдийн сүүлчийн талх, үхэж буй өвчтөний эцсийн тариа байсан нь авилга болоод алга болсон хэрэг. Хэдийгээр дэлхийн хамгийн зэвсэгжсэн орон боловч АНУ-д ДНБ-ий 26 хувь нь төсөв болдог, харин хэдийгээр социализм байгуулж байгаа боловч энэ тоо Хятадад 18 хувь байдаг. Гэтэл бараг тэн хагасыг нь бид сонгож буй болгосон хүмүүстээ итгэн захиран зарцуулагчаар томилдог. Тэд маань хулгайлдаг, гэр рүүгээ зөөдөг. Иймээс төрийн захиран зарцуулах мөнгө ихсэх тутам танд ногдох мөнгө улам багасна. Энэ урвуу харьцааг хүний хэлээр "авилга" гээд байгаа юм. Хулгайчийг шоронд хийгээд ч засрахгүй, тэртэй тэргүй хулгайч болж төрсөн юм чинь. Мэдээж иргэн та хамгийн мундаг хулгайчид нь хамгийн их итгэл найдвар тавина, яагаад гэвэл та ч бас тийм болж төрсөн. Ингэхээр хоттой хонио хэнээр ч мануулсан тэр нь ямар нэг амьтны (заримдаа хүний) арьс нөмөрсөн чоно л байхаар цаанаасаа тийм үйлтэй учраас


хулгайлах юмыг нь багасгах хэрэгтэй. Хэрэв хэдхэн жилийн өмнө улсын төсөв 300 сая байгаад болоод байсан юм бол, одоо тэрбум хүрчхээд дордож байгаа бол үүнийг нь эргүүлээд 300 сая болгох хэрэгтэй. (Төгрөгийн ханш замбараагүй учир арай гайгаар нь энд америк доллароор яриад байна шүү дээ.) Ингэснээр танд ногдох цалин орлого багасахгүй харин сайд байтугай нэг муу золбин хурган дарга хүртэл Бэнц, Ланд унахаа болино. Яаж үүнийг багасгах вэ? Амьдрал муу, ядраад байна юм өгөөч гэж царай алдаж байхаар төсөв багасгахыг л шаард, тэгвэл аяндаа амьдрал чинь дээшлээд явчихна. Мянганы замыг заавал өвөлжөө рүүгээ татуулах гэж байхаар төсвийг л багасга гэж шаард, жагс, өлсгөлөн зарла, суулт хий. Яг үнэндээ төсөв өсөөд байгаа чинь эцсийн бүлэгт таны өөрийн чинь дэмий ярианаас үүдэлтэй. Чухам тэр дэмий үгийг чинь шүүрч аваад улс орноо улам янаглан хайрлаж байгаа хүмүүс л таныг тонож буй хэрэг шүү дээ. Та нэг их итгэж байгаа царай гаргаж ганц зүсэм талх монжчих гэсэн чинь цаадуул чинь тэр хар талхыг танд тэрбум доллар буюу их наяд төгрөгөөр чинь сольчхож буй хэрэг. Их наяд гэдэг нь гадаадаар триллион буюу арвын 12 зэрэгт юм. Та энэ тоог түрийвчиндээ буй хэдэн төгрөгийн тооноос төдийлөн ялгадаггүй, ач холбогдол өгдөггүй учраас их наяд төгрөгөөр ганцхан зүсэм талх авч буй хэрэг шүү дээ. Та олон жил хоолойгоо хаттал цалин нэм гэж ориллоо, зөндөө өргөдөл өглөө, шанд нь ганц зүсэм талхны нэмэгдэл. Гэтэл тэр нэмсэн зүсэм талх чинь цаадуулын чинь танаас хулгайлдаг тогоог улам том болгоод байгаа хэрэг. Тэд таны төлөө бараг л үхэхээс бусдыг хийнэ. Харин эцсийн балансыг нь харахаар та зүсэм талхны нэмэгдэлтэй, цаадуул чинь их наяд төгрөгтэйгөөр л дуусаж буй хэрэг дээ. Таныг тооны орон ойлгодог болтлоо боловсорсны дараа цаадуул чинь хармааны хулгайч Баатар бүгдийг нь цөлмөчихсөн гэж хариулах болно. Харин та пинжээкний хармаанд ийм хэмжээний мөнгө багтдаг эсэх талаар бодох ч үгүй. Хамаг зовлон танд өөрт чинь байгаа шүү. 2006-9-17


УЛААН ШУГАМ ТАТАЖ ГОНЖООМ УГААХЫН УЧИР Иргэн Н бизнес хийхээр шийджээ. Дэлхийн хамгийн алдартай гоо сайхны пүүсүүдийн үнэртэн сүрчиг, тосыг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ. Гааль, татвар зэрэг түмэн бэрхшээлийг давсны эцэст дэлгүүрт бараагаа дэлгэлээ. Гэтэл мэргэжлийн хяналтынхан давхиж ирэв. Тэдэнд үйлчилж буй хуулиар үнэртэн гоо сайхны бараанаас тус бүрээс нь 100 граммыг шинжилж байх ёстой юм байна. 25 граммаар савласан тус бүр нь 40 долларын үнэтэй Christian Dior сүрчгээс нь 4 ширхгийг шинжилгээнд авлаа. 50 граммаар савласан тус бүр нь 80 долларын үнэтэй Kenzo шөнийн тосноос хоёрыг гэх мэтээс байцаагч түүж гарлаа. Шинжлэх гэж байгаа юм. Авилга биш ээ, ийм хуультай юм. Байцаагч харин 150 граммаар савласан Малайз тосноос авахаас татгалзав, өршөөж байгаа юм. Үнэртэн гоо сайхан шинээр ирэх бүр ийм маягаар шинжилгээнд дээрэмдэнэ. Байцаагч тэндээсээ гараад зэргэлдээ ресторанд найз нөхдийнхөө хамт хооллов. Орой болгон гэрээрээ ирж мөн хооллодог. Түүний үүрэг даалгаварт нийтийн хоолны газрын бүтээгдэхүүн хортой эсэхийг шалгах ажил бас багтана. Иймээс тус ресторанд болдог найр болгон нь шалгалтын зүйл аймагт багтана, өөрөөр хэлбэл ажлаа хийж байгаа учир мөнгөө төлөх учиргүй. Үүнийг авилга гэх үү, рэкэт гэх үү, улаан луйвар гэх үү? Ийм үзэгдэл өнөөдөр Монгол даяар хавтгайрсан жирийн явдал. Ямар ч тохиолдолд байцаагч хэрэгт орохгүй, хууль журам нь иймэрхүү юм. Иймэрхүү гэдэг нь журам дэндүү тодорхой бус, яаж ч тайлбарлагдахаар. Мань байцаагчаас гадна ижил үүрэг хүлээсэн хотын, дүүргийн, яамны байцаагч нар мөн ижил ёслолыг дээрх үнэртэн борлуулагч, ресторанд давхардуулан гүйцэтгэнэ. Муу хүмүүс хорвоогоор дүүрэн боловч тэдний нийгэм дахь муу үйлдлүүд нь гол төлөв хүнээсээ бус механизмаасаа болдог. Муу механизм муу хүнд бололцоо олгодог, сайн хүнийг баглачихдаг. Ингэхээр дээрх байцаагч хэчнээн угийн муу хүн байгаад ч гол буруу нь түүнд биш механизмд байна. Авилгын хорооны дарга саяхан ард түмэндээ хандан авилгын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ. Тэр ч байтугай ийм үүрэгтэй болохыг нь ард түмэнд сануулав. Үнэндээ иргэнд ийм үүрэг ч байхгүй, авилгыг хөхиүлсэн механизмтай байхад иргэд тэмцээд ч утга учраар бага. Иргэн татвар төлөх үүрэгтэй, энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага нь. Социалист нийгмийн иргэдэд л өөрөө ч мэдээгүй байхад тоо томшгүй үүрэг ногдуулдаг байсан, ингэснээр нэг л мэдэхэд хэн хүнгүй үүргээ биелүүлээгүй ялд унадаг байв. Ийм юмаар нээнтэглэж болдгоороо социализм илүү сахилга баттай мэт сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Чөлөөт нийгэмд энэ нь хэрэгжүүлье гээд ч огт бололцоогүй зүйл. Нийгмийн 25 хувь нь хэрэгт орохуйц хууль хийж болдоггүй. Хэчнээн зөв зүйтэй байгаад ч. Энэ бол үндсэн зарчмын нэг. Эрх зүй бол улс төр, шинжлэх ухаан, философийн зэрэгцээ урлаг юм. Авилгачдыг шийтгэх тухай хууль гарахад манай нийгмийн гишүүдийн 25 байтугай хувь нь шууд шоронгийн хадаас болно. Бид ингэтлээ авилгад идэгдсэн. Бид ийм хуультай болсноор Төрийнхөө тэргүүнийг аягүй бол цаазаар авах хэрэг гарна. Олон иргэд авилга авч байгаагаа мэдэлгүй ийм хэрэгт лав холбогдчихсон байгаа. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар багш, эмч нар хамгийн авилгач гэнэ. Хүмүүс нүдэнд ил харагдсанаа хэлж байгаа юм. Гэтэл шоколад авсан эмч, үнэртэй ус бэлэглүүлсэн багш хэрэгт орох юм гэж бодоогүй. Авилгатай шийдвэртэй тэмцэх гэж байгаа бол юун түрүүн энэ гэмт хэргийг тал талаас тунгаан маш зөв тодорхойлох хэрэгтэй. Дараа нь улаан шугам татаж үүнээс хойш түүнээс


цааш энэ тодорхойлолтод багтах нүгэл хийсэн этгээдийг ингэж шийтгэж цээрлүүлнэ гэдгээ зарлах хэрэгтэй. Ингэхээр өмнөхийг нь авилга гэж эс тооцох, эс бөгөөс өршөөх зайлшгүй шаардлага гарч байна. Аа гуай, ээ гуай, ий гуай... урьд идсэн уусныг чинь мартъя, гударснаа шингээж үзээрэй, хөрөнгөө бүртгүүлж татварыг нь төлөөрэй, харин дахиж ингэх юм бол даан ч өршөөлгүй шүү. Хулгайлсных нь аз, чадаагүйнх нь хохь болох уу? Магадгүй. Гэхдээ аль нэг газраас улаан шугам татахгүй л бол авилгачдын хор холбогдол улам их болж нийт нийгмээ залгих гээд байна. 1995 онд Ерөнхий сайд жасрай Засгийн газрын нэрийн өмнөөс Буян компанид зээлийн баталгаа гаргаж өгчээ. 18 сая доллар. Хожим энэ хэрэг илэрч шуугиан болоход жасрай гуай эргэж бухан хуурамч баталгаа өөрснөө хийсэн шахам юм ярив. Ингэхээр нь Буян пүүсийн эзэн "жасрай гуай, та надаас хэдэн гонжоом авлаа?" гэж сониноор асуун амыг нь таглаж байв. Өнөөдөр гонжоом өгвөл замын цагдаа ч гомдоно. Голоод гомдоно, би ямар гуйлгачин юм уу гэж агсарна. Сая доллар зарим төрлийн хахуульд багаддаг болчхоод байна. Өөрөөр хэлбэл авилгын ханш дэндүү аймаар өсжээ. Энэ хэрээрээ нийгэмд учруулах хор хохирол нь улам аюултай болоод байна гэсэн үг. Улаан шугам татахаас өөр ямар ч гарц үгүй. 2007 оны 6 дугаар сар 29


0 = 0 1955 онд Индонезийн Бандунг хотноо Ази Африкийн орнуудын бага хурал болжээ. Хурлыг зохион багуулагч нь Индонезийн ерөнхийлөгч Сукарно, цаад эзэн нь Бээжин. Хуралд оролцсон жоу Эньлайн цаад санаа нь Америкийн империализм, Зөвлөлтийн аюул хоёрын эсрэг Хятадаар толгойлуулсан гурав дахь улс төрийн бүлэглэл байгуулах явдал байлаа. Ийнхүү Гурав дахь ертөнц хэмээх нэр томъёо ч үүсч, Эвсэлд нэгдээгүй орнуудын хөдөлгөөн ч үүсч. Хоёр том сөргөлдсөн ертөнцийн зөрчил дээр тоглодог Сукарно, насер, неру, Сэку Түрэ, Тито гээд олон баатрууд хожим эндээс төрсөн. Өнөөгийн Саддам Хусейн ч ялгаагүй хүйтэн дайны үед төрж өсөн бойжсон билээ. нҮБ энэхүү эвслээр гул барин Америкийн эсрэг тэмцдэг индэр болсон билээ. Америкийн эсрэг социалист систем сөрөн зогсохоос гадна "бие даасан" Эвсэлд нэгдээгүй орнуудын хөдөлгөөн нөгөө талаас нь боргон дайрна. Харин жинхэнэ санхүүжүүлэгч нь ЗХУ, заримдаа БНХАУ байдаг байлаа. Харин хүйтэн дайнаас хойш Эвсэлд нэгдээгүй орнуудын эвсэл нь ч хөдөлгөөн нь ч унтарлаа. Тэжээгч байхгүй болсон хэрэг. Гэвч шинэ нөхцөл байдал үүсэхийн хэрээр шинэ санхүүжүүлэгч, турхирагч бас буй болж байна. Лалын ертөнц Америкийг сөрөн зогсохын үесд петродоллар санхүүгийн эх үүсвэр болж эхэлж байна. Шинэ баатруудыг ч төрүүлж буйн нэг нь Малайзын ерөнхий сайд Махатир юм. Түүний саяхан бичиж хэвлүүлсэн Шинэ үйлс номд Япон, Солонгосоос бусад Ази нэгдэн Америкийн империализмтай шургуу тэмцэхийг уриалжээ. Куaла Лампурт болсон түүний хуралд Монголоос Ерөнхий сайд Энхбаяр маань дагуул, бараа бологсодынхоо хамт "амжилттай" оролцоод ирлээ. Бандунгийн бага хуралд Монгол орсон. Тэгэхэд Хятадтай ч ах дүүсэг харилцаатай байсан, элдэв цэргийн эвсэлд ч нэгдээгүй байлаа. Хожим Эвсэлд нэгдээгүй орнуудын хөдөлгөөн байгуулагдахад өөрийн нутагт Зөвлөлтийн олон арван мянган цэрэг байрлуулсан Монгол улс үүнд ороогүй, НҮБ-д социалист ертөнцийг төлөөлөн Америктай тэмцдэг байв. Горбачевийн перестройкын үед нэг орж үзсэн, социалист систем таран унахаар хань ижил хайсандаа бүлэгт нь формал байдлаар Монгол дипломат харагдах болжээ. Америкийн империализмыг эсэргүүцсэн Махатирын цуглаанд Энхбаярын идэвхийлэн оролсон "амжилттай айлчлал", энэ үед АнУ-д ерөнхийлөгч Багабандийн Буштай уулзсан уулзалттай давхцсан нь харин хувь заяаны шоглоом юм. Хоёр айлчлалын нарийн протоколыг нь олж уншиж амжаагүй явна, хооронд нь мөргүүлэхэд архичин хүн хүн хүнээс мөнгө гуйхдаа яаж өөр өөрөөр аягладаг билээ, тиймэрхүү л юм байгаа нь мэдээж. Энэ дундаас "Монголын гадаад бодлого" гэсэн хөөрхөн шог зохиол бэлнээрээ гарна. Энхбаяр маань Махатирын цуглаанд оролцсон нь гол нь индрийг нь ашиглаж олон орны төрийн тэргүүдтэй худалдаа бизнис хийх гэсэн юм гэсэн хөөрхөн тайлбар ч гэхэд хаашаа, цайруулга ч гэхэд хаашаа юм сонсдох боллоо. Махатирын үзэж чаддаггүй хүн болох Сингапурын ерөнхий сайд Ли Куан Ю гуравдагч орнуудын хоорондын бизнисийн тухай шоолж өгүүлэхдээ "тэг дээр тэгийг нэмэхээр тэг л гардаг шүү дээ" гэжээ. Өөрөөр хэлбэл


0 мөн байгаа биз? 2003 – III – 05


АЛУУРЧ ХААН, ЭХ ОРОНЧ БААТАР ХОЁРЫН ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛ Олимпын нээлт гайхамшигтай боллоо. Нээлтийг анхлан үзүүлбэр, шоу, урлаг болгосон хүн нь Гитлер юм гэнэлээ. Олимп болгон энэ үзүүлбэрт онцгой анхаарал тавьж түрүүчийнхээсээ илүү гарах гэж үхэлддэг болжээ. Бээжин олимпын нээлтийг алдарт найруулагч жан Еимө дэглэсэн. Дэлхийн кино урлагт хятадын Ань Ли, жан Еимө, Чэнь Кайгэ гэсэн гурвал гарч ирэн шуугиулах болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Хоорондоо өрсөлдөнө гэж жигтэйхэн. Биенийхээ хийсэн киног нөгөө нь давтаж давах гэж оролдоно. Чэнь Кайгэ 1999 онд Хаан, алуурчин хоёр киногоо хийж өөрөө хүртэл тоглов. Харин 2002 онд жан Еимө Баатар киногоороо түүний сэдвийг давтжээ. Үүгээрээ тэрээр Оскарт гурав дахь удаагаа нэр дэвшсэн юм. Хоёр аугаа найруулагч аль алин нь Хятадын анхны нэгдсэн төр болох Цинь гүрнийг үүсгэгч Шихуандигийн тухай өгүүлжээ. Манай эриний өмнө II зуунд Хятадад бие даасан зургаан улс байлаа. Тэд хоорондоо маш их зөрчилтэй. Зуу зуун жилийг туулсан хамгийн том улс болох жоу өвгөрөн доройтож хүч нь суларсан боловч хэнд ч хариу тавихтайгаа. Бүгд хятад угсааны нэг үндэстэн боловч хэн нь ч хэнийхээ ч дор орох хүсэлгүй. Гэтэл тэдний аль алиныг нь умрын догшин нүүдэлчид ирж ээлж дараалан тонон дээрэмдэнэ. Хятадын бие даасан улс болгон нүүдэлчдээс хамгаалж ар талаараа хэрэм босгосон авч тэр нь нэгдсэн нэг цул биш учир үнэндээ хаалт болж чаддаггүй байлаа. Хятадын гурван мянган жил үргэлжилсэн соёл иргэншил мөхлийн ирмэгт байв. Цинь улсаас өмнө ч нэгдсэн Хятад гэж байгаагүй, салангид ханлигууд хоорондоо л зөрчилдөнө үү гэхээс гаднын өөр угсаатны дайсагнал байгаагүй аж. Гэтэл умрын нүүдэлчид улам хүчирхэгжсээр МЭӨ II зуун гэхэд Хятадын бие даасан зургаан улсад бодит аюул болон босож ирэх нь тэр. Өөрөөр хэлбэл умрын нүүдэлчин аймгууд ба Хятадын иргэншил хоёрын хооронд хойшид хоёр мянга гаруй жил үргэлжилсэн дайсагналцааны эхлэл байв. Цинь Шихуанди богино хугацааны дотор бүх зургаан улсыг сэлмийн хүчээр нэгтгэж чаджээ. Гэхдээ тэр маш харгис хүн байсан юм. Түүнд хүүхэд хөгшид, барилга дурсгал ёстой юу ч биш. Тааралдсанаа хүйгээр нь устгана, үнсэн товрог болгоно. Хүүхдүүдийг ирээдүйн дайсан гэж үзэх учир хоморголон устгаж, амьдаар нь хүртэл булна. Дайсан гэж үзсэн хэндээ ч өршөөлгүй дэндүү зэрлэг догшин нэгэн. Өрсөлдөгчөө намнахын тулд хүний санаанд оромгүй хамгийн хэрцгий хөсрий санаа гаргана. Шихуандиг бүгд үзэн ядна. Гэвч хаан хийдгээ хийж нэгдсэн Хятадыг байгуулж дөнгөөд дараа нь тасархай хэрмүүдийг холбон алдарт түмэн газрын цагаан хэрмийг байгуулжээ. Хуандигийн байгуулсан Цинь улс ердөө 20 жил насалсан боловч түүнийг залгасан Хань династи 400 гаруй жил амар амгалан оршсон хүчирхэг гүрэн байсан юм. Өнөөгийн хятадууд өөрсдийгөө хань үндэстэн гэдэг нь энэ династийн нэр. Харин өрнө дахин Хятадыг Чайна, Шина, Хина гэх мэтээр дууддаг нь Хуандигийн байгуулсан Цинь гүрний нэр аж. Эргээд кинондоо оръё. Чэнь Кайгэгийн кинонд Шихуандиг алуулахаар жоу улсаас алуурчин хөлслөн илгээдэг. Харин жан Еимөгийн кинонд хаантныг алахаар жоугийн уугуул нэгэн итгэлт хүн нь болон очдог. Энэ хоёр хоёулаа хааныг үзэн яддаг, түүнийг устгахын тулд юугаа ч өгөхөд бэлэн. Хааныг алаад өөрснөө амь үлдэхгүйгээ ч сайн ухамсарлаж байгаа. Аль алин


нь хааны зэрлэг догширлын золиос. Тэд хааныг алах өөр өөрийн шалтгаантай, асар их өс өвөрлөсөн хүмүүс. Тэд сэлмийн болон тулалдааны урлагийг дээд зэргээр эзэмшсэн сайн эрс. Гэвч аль алин нь үүнийгээ гүйцэтгэх бүрэн боломж гараад байхад тэрнээсээ татгалзан хааныг алах биш өөрснөө сайн дураараа алуулдаг! Киноных нь аугаа гоёыг ярихаа азная, тэртэй тэргүй кино ертөнцөд гайхагдан шүтэгдсэн шилээвэр бүтээлүүд. жүжиглэл, найруулга, зураг авалт, өнгө будаг зэрэг нь цаг үеэсээ ч түрүүлчихсэн юм уу гэлтэй. Киноны философи нь аугаа. Баатар ч, алуурчин ч Шихуандиг үзэн ядан өсөрхдөг боловч хааны аугаа хүсэл тэмүүллийг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэгт хамаг ньюанс нь байгаа аж. Хаан бол адгийн амьтан, гэвч ганцхан тэр л Хятад гүрнийг нэгтгэж чадах аж. Хятад нэгдвэл дотоод амгалан буй болон улс гүрэн хөгжинө. Энэ бол зөвхөн нэг тал нь. нөгөө тал нь зөвхөн нэгдэж хүчирхэгжсэн гүрэн л гадны өнгөлзлөг довтолгооноос хамгаалж чадна. жоугийн алуулж хядуулж байгаа үй олон гэмгүй хүүхдүүд ирээдүйд догшин нүүдэлчдийн сэлмэнд хядуулах тэрнээс хавьгүй олон балчир хүүхдүүдийн өмнөөс амиа өгч буй хэрэг. Үнэхээр ч Цинь гүрэн байгуулагдсанаас ердөө 15 жилийн дараа Модун Шаньюугаар толгойлуулсан умрын нүүдэлчдийн Хүннү гүрэн буй болжээ. Тэд түүнээс хойш хэдэн зуун жил Хань гүрэнд довтолсон авч эзлэн авсан нь үгүй. нэгдсэн хятадын Хань гүрэн хангалттай хамгаалалттай хүчирхэг улс байв. Хань ерөөсөө хятадын түүхэнд хүчирхэг төдийгүй тухайн үеийнхээ дэлхийн хамгийн хөгжил дэвшилтэй орон байлаа. Тэр үеийн дэлхийн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг Хань, Ром хоёр гүйцэтгэж байсан юм. Дорнын Хань, өрнийн Ром хоёр нэгэн үед буй болж нэгэн үед мөхжээ. 400 гаруй жил. Хоёр их гүрнийг торгоны зам холбож байв. Мэдээж орчин үеийн хүмүүнжсэн нүдээр ямар ч ариун хэргийн төлөөх аллага хядлагыг зөвтгөх аргагүй. нэгдсэн хүчирхэг Судан гүрнийг байгуулахын төлөө эрх баригчид нь Дарфуртад аймшигт аллага хийсэн гэж зөвтгөхгүй, харин Гааг дахь олон улсын шүүх Ерөнхийлөгчийг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн цээрлүүлэхээр зарлан дуудах өгчхөөд байна. 2200 жил өнгөрсөн хойно хорвоо хавьгүй иргэншин соёлжиж, үндэсний эвлэрэл нэгдлийг сэлмийн биш ухамсар сэхээрлийн хүчээр гүйцэтгэдэг болжээ. Түүхийг авч үзэх, шүүмжлэн засахын тулд биш түүнээс сургамж авахын тулд мэдэж ойлгож судалдаг. жан Еимө, Чань Кайгэ хоёр 22 зууны дараах өнөөгийн нүдээр хараад аймшигт алуурчин Шихуандигийн түүхэн үүргийг зөвтгөж байна. Аллагыг тэр үеийнх нь нөхцөл байдлаар дүгнээд зөвтгөж байна. Алив үндэстэнд үндэсний эвлэрэл нэгдэл юунаас ч эрхэм байдгийг хэлж байна. Чухам үүнийг ойлгосон алуурчин буюу Чэнь Кайгэ, баатар буюу алдарт жүжигчин жэт Ли өс хонзон, үзэн ядлаа дарж амиа золиосолж чадаж байгаа гайхамшгийг киноны хэлээр харуулж байна. Мэдээж бид зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж үзэхүйц соёлжиж иргэншсэн цаг үеийн төлөөлөгчид. Хоёр суут найруулагчийн кино аугаа хэргийн төлөө хүн алах нь юу ч биш гэхээсээ аугаа хэргийн төлөө үзэн ядалт өс хонзонгоо даран өөрийгөө зольж болох тухай үнэн гоё философи өгүүлж байна. Үндэсний эвлэрэл нэгдэл гэдэг юутай чухал! Ялангуяа цаана нь нийт үндэстний эрх ашиг, үндэстний ирээдүй, хөгжил дэвшлийн асуудал байгаа бол? Киноны төгсгөлд Шихуанди хаан алагдсан баатрыг эрхэм хүний ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулдаг. Энэ ч бас нэгийг өгүүлнэ. Далимд сонирхуулахад Цинь гүрнээс даруй 2200


жилийн дараа америкчууд саран дээр очоод эх дэлхий рүүгээ дуранджээ. Манай цэнхэр гариг дээрх хүний гараар бүтсэн ганцхан зүйл саран дээрээс харагдаж байсан нь Шихуандигийн бариулсан Цагаан хэрэм байжээ. Энэ ч бас нэгийг өгүүлэх бус уу! PS: Умрын нүүдэлчдийн удам болох бид нэгдсэн тулгар төр байгуулсныхаа 2220 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэх ёстой. Тэр жил тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсны 100 жилийн ой бас давхацна. 2008. 8. 12


Вээрс 2000-2004 онд хяналтгүйгээр төр барьж байсан түүний бүлэг улс орныг албан тушаалын гэмт хэрэг, хээл хахуулийн хүүдий болгож үүнд зориулагдсан бүхэл бүтэн систем босгожээ. Ерөөсөө 2000 оны сонгуулийн үеэр албан тушаалуудыг үнэ хүргэн зарж эхэлсэн юм. Худалдаа задгай болж намын гишүүнчлэл хамаагүй учир ахиухан мөнгө тушаасан нам бусчууд болон нам дамжигсад сайд болж байв. Тэнэг жишээ халдвартай байдаг ёсоор албан тушаал зардаг нутгийн индиан боссууд энд тэндгүй буй боллоо. Зарчим нь мөнгөө тушаагаад албан тушаалаа ав, мөнгөө тэндээсээ эргүүлээд авна биз, харин хэрэгтэй үед хандив тогтмол өргөж байх хэрэгтэй. Ингээд хандив гэж нэртэй улсаа тонох уралдаан эрчтэй өрнөлөө. Дангаараа төр хянаж буй намдаа хандив өргөнө гэдэг нь гэмт хэрэг биш, мөн байлаа ч нам өмөөрнө, намын хамгаалалт найдвартай гэсэн ойлголт батжижээ. Гэвч намд хандивлаж буй мөнгө дамжлагын шатанд жингээ олон дахин гээж байв. Миний нэг танил нэлээд ашиг өгөхүйц албан газарт санаархаж 50 мянган доллар намд хандивлажээ. Гэтэл үүнийг өөрөө шууд аваачаад түүнд өгчих суваг мань эрд байсангүй. Хэрэв биеэр уулзаж өгөхөөр болбол үүнээс хоёр дахин ихийг зарцуулах ба зуучлагчид хагасыг нь авах ёстой тогтсон ханштай. намд гайгүй хандив өргөсөн хэмээгдэж танилын нэр түүний чихэнд хүрэх нь хүрч, гэхдээ мөнгөний тоо хэлэгдсэнгүй. Гэвч өдөр болгон үй олон ийм хандивлагчийн нэр хэн нэгнээр дамжин сонорт нь хүрдэг авч амьдралдаа огт харж сонсоогүй болохоор тогтоох байтугай анзаарах ч үгүй өнгөрнө. Харин 50 мянган доллар эхний ээлжид 50 сая төгрөг болж хувирсан ба цааш багасан багассаар намын дансанд 15 сая төгрөг гэж бүртгэгджээ. Танил маань өдий зэргийн жижиг хандив өгдөг үй олны нэг болж санаархсан тушаалаа авч чадалгүй хоцорсон гэнэ. Албан тушаал худалдах наймаа хавтгайрч суманд бараг л цэвэрлэгчийн орон тоог зарж байв. Мэргэжлийн 15 мянган хүнийг улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халсан гэдэг авч үнэн чанартаа "хандив" төлөөгүйчүүд гудамжинд гарсан юм. Ийм олон хүн халсан мөртөө төрөөс цалинжигсадын тоо учиргүй ихээр өсжээ. Унаа тэрэгнээс эхлээд тэдний хангамж эрс нэмэгдсэн учир жилийн дотор ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсөв 29 хувиас 46 болтол өслөө. Зөвхөн түүний шууд үзэмжээрээ зарцуулдаг нөөц сан 3 тэрбум байснаа 10 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм. Гэлээ ч ганцаар засаглахад түүнд мөнгө үргэлж дутаж байлаа. нэрийн дансыг хүртэл хуулиар тусад нь хадгалах ёстой атал улсын төсвийн тогоо руу оруулж хоослов. 2004 оны сонгуулийн сураг авилгын сүлжээнд хамрагсадыг ихээхэн түгшээж байлаа. Гэвч олон газраар, түүний дотор гадаадын шинжээч нараар хийлгэсэн судалгаа "бүрэн ялалт" гэсэн ганц үзүүлэлт л гозойтол зааж байв. Пиар хийдэг гэх хэдэн оросууд хоёр зүйлийг зөвлөжээ. Эхнийх нь, судалгаагаар түүнийг Монголын ард түмэн бурханчилан шүтэж байгаа аж. Энэ сохор шүтлэгийг улам хөгжөөж өгөх ёстой аж. Ингээд XXI зууны боловсролтой монголчуудыг шооконд оруулмаар болхи суртал нүдэж өгвөө. 1997 онд Чингис хаан дахин төрнө гэж нострдамус мэргэлж байсан нь тэр болж таарлаа. түүнд зориулж Хас буу тамга хэмээхийг урлаж тэврүүлэв. түүний зургийг 20 метр томоор үйлдэн өлгөж байв. Янз бүрийн онцгой хүнээр зарим нэгний тоолсноор 27 удаа тодруулжээ. нэр дэвшигч нэгэн царайлаг бүсгүй сонгуулийн сурталчилгааны нугалбар гаргаж


тараасанд түүний пооз поозоор авахуулсан 9 зураг байхад өөрийнх нь ердөө ганцхан байлаа. түүнийг Самбарын хэмээн онож нэрлэсэн нь ч эндээс үүдэлтэй. Нөгөө нь сонгуульд хэрэг болох олон тэрбум төгрөгийг хэрхэн босгох талаарх зөвлөлгөө байв. МММ босгоод санхүүжих, засаг бүрэн авсны дараа үүнийг төрийн мөнгөөр эргүүлээд дарах. МММ гэдэг нь олон түмнийг хуурч байж эгшин зуур мөнгө хүүлэх арга юм. Ерээд оны эхээр ийм луйвар Орост гарч бүх орныг хамарсан ба дараа нь энэ том гүрнийг аймшигт хямралд хүргэсэн юм. Олон арван сая хүн энэ луйврын золиос болон хоцорсон билээ. Монголын МММ нь Хадгаламж зээлийн хоршоо нэрээр хавтгай луйвар явуулав. Дорхноо хэдэн зуун ХЗХ буй болсон ба сонгуулийн "хандив" ч геометрийн прогрессоор өсөв. 2004 оны сонгууль МАХН-д 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй болсон гэсэн хөндлөнгийн тооцоо бий. Гэхдээ үүнээс хавьгүй их мөнгө дээр өгүүлсэн жишгээр дамжлагын шатанд алга болжээ. Зуучлагч буюу завсрын шатны зувчуулагчдын том сүлжээ бий болсон аж. Хандивын цуваа гагцхүү ХЗХ-оос гоожсон юм биш, газрын наймаа, гааль, улсын өр төлөлт, хувьчлал, дипломат алба гээд хаанаас л бол хаанаас. Харин "хандивын" тун өчүүхэн хэсэг нь намын дансанд орох аж. "Арван хувийн Баагий" цолтой их гарууд олон бий. Тэндэрээс 10 хувь авч намдаа хандивладаг нь жишиг болжээ. Гэхдээ авсныхаа өчүүхэн шавхрууг л намд өгнө, бусад нь тэдний давлиун тансаг амьдралын эх үүсвэр. Тэндэрийн 10 хувиа намдаа хандивлах гэсэн юм гээд ордноор болон намаар гүйдэг бизнесчин ч олширсон. Хандивлагч, хандивлуулагч аль алин нь мөнгө намд очихгүйг сайн мэдэж байгаа. Одоо шуугиад байгаа Ардчилсан социалист залуучууд, Хадгаламж банк, ХЗХ чухам энэ үед гал хамгаалагчаа шаттал халаалттай ажиллаж байв. Улсыг болон ард түмнийг шуудаар тоногчид намын хамгаалалттай гээд цагаандаа гарч. Харин өрмийг нь хамж иддэг зуучлагчид хоорондоо нэлээд өрсөлдөөнтэй байв. Социалист залуучуудын лидер гэх нэгэн улаан хамгаалагч түүнтэй муудалцан эхнэрийг нь дайруулан олны өмнө харааж байсан нь үзэл бодлын ялгаа гэхээсээ зуучлал хийж албан тушаал хуваарилах квотын асуудал аж. ХЗХ-ы мөнгө болон иргэд, улсаас тоносон намын "хандив"-ийн дэндүү дийлэнх хэсэг нь хувь хүнд хамаарах байшин, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, газар, хадгаламж болон хувирчээ. Социалист залуучуудтай зэрэгцүүлэн "Улаан сарнай" хэмээх бас л квот бүхий байгууллагыг тэр байгуулсан нь хооронд нь өрсөлдүүлж хяналтаа бүрэн тогтоодог Сталин, Гитлерийн шалгарсан арга байв. Өрсөлдөгчид хоорондоо ширүүн тэмцэлдэж байв. Үүний үр дүнд аль аль талын хулгай луйврын бүрэн мэдээлэл түүнд очно. 2004 оны сонгуулийн шөнө санаанд оромгүй дүн гарч эхэллээ. Шөнө дунд бүх холбоог тасалсан учир хаанаас ч мэдээ ирэхээ больж, олон газар тог тасдан улайм цайм сонгуулийн дүн будлиантуулах ажил өрнөжээ. Үүнд төрийн бүх байгууллагууд оролцсон аж. Төрийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий 40 орчим мянган хүнээс сүлжээнд хамрагдаагүй нь цөөн байсан тул тэдний хувьд сонгуулийн дүн шорон амьдрал хоёрын сонголт байлаа. МАХн хэдэн хоног таг чиг болсон ба тэгж тэгж идэвхтэй нэг тэнэг "сонгуулийн үр дүнг бид зөвшөөрөхгүй" гэсэн түүний үгийг дамжуулав. Тэр дурак л гэхэд Чехийн өр төлөлтөөс амьдралдаа сонсоогүй их мөнгө завшсан тухай яригддаг. Чимээгүй болсон энэ хэдэн өдрүүдэд олон жил зарагдахгүй зэвэрч байсан баримт устгагч машинууд эгшин зуур борлогдсон төдийгүй яаралтай захиалга асар их ирж байлаа. Уг нь цагдаа энэхүү баримт


устгагчийн борлуулалтын он сараар хөөхөд ихээхэн сонин юм руу орох юм. Гэвч Цагдаагийн газарт ч баримт устгах явдал амин чухал хэрэгтэй байсан бололтой. Хэрэв ардчилсан хүчин төв телевиз рүү дайран ороогүй бол өдгөө Монголын хувь заяа ихээхэн өөр байх байсан. Ардчилсан хүчин ч хэдэн жил гудамжинд яваад өлсөж үхэхтэй шахсан байлаа. Иймээс тэд сонгуулийн дүнг шударгаар гаргуулъя гэхээсээ наймаанд ороход илүү автамхай болчихсон байв. Сонгуулийн дараах шоконд орсон хэдэн өдөр тэрээр тэдний байхгүй уураг тархитай биш, хоол идэх хязгааргүй дур хүсэлд автсан өлөн ходоодтой нь ажиллажээ. нөөцөд байсан Алтан гадас авралын гудас болж хувирав. Чухам ингэж ТЭРЭЭР УИХ-ын дарга болж шударга шийтгэлээс амь гарч дөнгөсөн юм. Харин сонгуулийг үеэр нервтэн салганаж байсан дүрс нь үлджээ. Берлиний бункерт хоногоо хүлээж байсан Гитлерийг санагдуулам. Улс орныг гэмт хэргийн систем болгосон ул мөрөө өөрөөсөө зайлуулж баллах хэрэгцээтэй байлаа. Гэвч 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үүнийг хэвээр хадгалж байх бас нөгөө талын шаардлага байв. Мөрөө баллахын тулд МАХн-ыг бүрэн самарч хаях, гэмт хэргийн сүлжээнд оролцсон нэгдүгээр эгнээнийхнийг илчлэн шоронд илгээх, улс төрийн хүүр болгох төлөвлөгөө юм. Иймээс залгамжлагчийг зөв сонгох хэрэгтэй. Ингэж тэрээр зарчимтай боловсролтой, хатуу нягт Баярыг гол гаргаж, сул дорой Энхболдыг сонгож авчээ. Хулгай хийгээд сурчихсан мөнгөтэй луйварчид хүчний тэнцвэр буй болчихсон ийм үед дорой Энхболдыг элэг барьсаар задралд орон сүйрэл авч ирэх нигуртай. Сонгуульд өөртэй нь өрсөлдөх санаа агуулсан Улааныг түүний эмзэг цэгийн нэг болох Баатараар бульдозердуулав. Гэхдээ түүнээс ч эмзэг асуудал болох цайрын ордын хэргийг нь жоорондоо аваад үлджээ. Энэ нь Улааныг дараагийн дайралтад өөр газар танк болгох гэсэн санаа. Улаан одоо үхэхээ мэдэхгүй энэ үүргийг биелүүлэн улайрч буйн шалтгаан энэ. Тухайн үедээ Энхболдыг Элбэгдоржийг зайлуулахад ашиглажээ. нэг талаас Улаанбаатар санг шалгах ажлыг Элбэгдоржийг ятган эхлүүлсэн ба нөгөө талаас Засаг эргүүлэх ажлыг үүгээр нь сүрдүүлэн Энхболдоор хийлгэжээ. Тэртээ тэргүй хэдхэн сарын дараа гэрээ ёсоор засаг солилцох атал гэнэт улайрдаг ч ийм учиртай. Гүйцэтгэх засаглалыг өөрийн үзэмжээр толгойлох бололцоог түүнд Энхболдын параличид орсон Засгийн газар олгож байгаа юм. Энэ хооронд тэрээр Гончигдорж, Энхсайхан гэсэн шинэ холбоотонтой боллоо. Ялангуяа Энхсайхан түүнд зориулж шүлэг бичих хүртлээ амьтан болсны шалтгаан оньсого. Шалтгааны тухай хэд хэдэн вээрс явдаг, аль нь ч үнэмшил муутай. Юутай ч Оросын өрийн асуудал Энхсайханы шалгалтаар цэвэр болох нь батлагдав. Хадгаламж зээлийн хоршоо жам ёсоороо ээлж дараалан сүйрч эхлэв. Энэ луйврыг олон түмэнд суртчилан хөгжөөсөн гол гурван суваг нь түүний өөрийнх нь хувийн Тв 9, мэдэлд нь байдаг Үндэсний телевиз, Тв 5 гурав байлаа. Эд зөвхөн эндээс хоёр тэрбум төгрөг олжээ. ХЗХ-уудыг телевизүүд найдвартай түншээр шалгаруулан туг дарцаг, диплом өргөмжлөлөөр шагнаж байв. Худалдаа үйлдвэрийн танхим энэ хэрэгт онц шуналтай оролцон шилдгийн шилдгийг ааг амьсгаагүй шалгаруулан олны мөнгийг дээрэмчдээр дамжуулан цуглуулж байв. Одоо үйлчилж буй "Зар сурталчилгааны хууль"-аар хуурч мэхэлсэн, баталгаагүй зүйл сурталчилсан бол гарах үр дүнгийн хариуцлагыг уг газар хариуцна гэсэн заалт бий. ХЗХ-ы хохирогсод хэнээс хохирлоо нэхэхээ мэдэхгүй байгаа, бага ч гэсэн хуулиар нэг гарц нь энэ юм. Хадгаламж зээлийн хоршооны ард Төрийн мэдэлд үлдсэн сүүлчийн банк болох Хадгаламж


банк байлаа. Төрийнх гэдэг нь цорын ганц эзэнгүй банк гэсэн үг. Процесс ингэж явагджээ. ХЗХ-ы ард баталгаа болох мөнгөний томоохон зузаатгал хэрэгтэй байлаа. Тэгж байж энэхүү үнэмшимгүй өндөр хүүг хугацаанд нь төлж сүлжээ рүү улам олон хүнийг хамж оруулах боломжтой. Зузаатгал Хадгаламж банкнаас гарна. Өндөр хүүний эхний өрмийг төрийн болон хувийн мөнгө бүхий байгууллагыг төлөөлсөн хувь хүмүүс хамж эхэллээ. МММ маягийн луйвар эхний үйлчлүүлэгчид тун ээлтэй байдаг нь сүйхээтэй хүнд ойлгомжтой байдаг. Ингээд сүлжээ өргөсөн ХЗХ асар их мөнгөнд дарагдаж эхэллээ. Гэвч ямар ч сайхан үлгэр төгсгөлтэй байдаг. Хадгаламж банк зузаатгалд байршуулсан бүх мөнгөө алдаж таараа. Иймээс банкаа өөрсдөө хувьчилж авахаас өөр аргагүй болжээ. Ийнхүү гэнэт Хадгаламж банкны хувьчлалын асуудал дорхноо шууран дуудлагад орлоо. Харин энэ банкны үнэ 23 тэрбум хүртлээ өссөнийг дуудсан Төрийн өмчийн хорооноос эхлээд хэн хүнгүй гайхаж байсны учир энд. Чингис банкны Громов Монголын эдийн засгийн гэнэтийн өсөлттэй холбогдуулан энэхүү сүүлчийн төрийн банкийг худалдаж авах цаанаасаа захиалгатай байсан нь банкаа өөрсдөө авч гэмт хэргээ далдлах гэсэн гэмт этгээдүүдийн сонирхолтой зөрчилдөн үнэ санаанд оромгүй тэнгэрт хаджээ. Банк өөр хүний гарт оруут хулгай баригдах нь тодорхой боллоо. Үүнээс гарч болох сүүлчийн боломж бол азаа үзэх явдал. Азыг ганцхан казинод л үздэг. Хувьчлагдсанаас хойш хэдэн тэрбум төгрөг алга болсон гэдгийн учир энэ. Гэвч тэнгэр харж үзсэнгүй, иймээс л тэдний амиа хорлох гэж оролдсон тухай яриа ортой байж таарна. ХЗХ, Хадгаламж банкны асуудлыг ТЭР улам эрчийг нь чангалж, сумны үзүүрийг МАХн руу чиглүүлнэ. Гитлер өөрийг нь Засгийн эрхэнд гаргаж өгсөн намын нөхдөө толгой дараалан хядсан нь түүхэнд "Урт хутганы шөнө" нэрээр оржээ. Гучаад оны хядлагыг гараараа үйлдсэн До яамныхныг Сталин дараа нь шинээр гарч ирэгсдээр эргүүлж хядуулж байсны жишээ нь Ягода, Ежов, Бериягийн хэрэг гэж нэрлэгддэг. Хятадыг хөмрөх шахсан улаан хамгаалагчдыг дараа нь Мао дарга толгой дараалан тосгон руу цөлсөн нь тэдний хэлмэгдүүлсэн сэхээтнүүдийн тооноос хэдэн мянга дахин олон байлаа. Чухам ингэж самарснаар өөрийнх нь мөр баллагдана. Ийм бужигнааны дараа л тэд цөм улсын жинхэнэ эзэн болж байжээ. Энэ учир шалтгаанаар л ТЭРЭЭР ХЗХ-ыхныг хатуу шийтгэхийг шаардан "шударга явдал" тогтоох аж. Прокуророос буцалгүй ногоон гэрлээр жирэлзэж буй ийм хэргийг цагдаагийнхан амьдралдаа үзээгүй. 33 оны нацист намынхан, 37 оны чекистүүд, 72 оны улаан хамгаалагчид өөрсдийг нь зориуд алж буй эзнээсээ аврал гуйн эцсийн найдлагаа тавьж байсны нэгэн адил ХЗХ-ы хэрэгт орогсод Ганц худгаас чухам түүнд л найдан хандаж шударга ёсыг хайн аврал эрнэ. Өөрснөө ч мэдэхгүй шунахайрч явж байж торонд орооцолдсон тэд одоо аалзандаа баригдаж идэгдэх ёстой. Олны өмнө тэрээр бузар булайг илчлэн хатуу ширүүн шийтгэдэг удирдагч болж харагдах ёстой. Тийм л учраас ард түмэн Гитлерийг, Сталинийг, Маог улам их хайрлаж нягт хүрээлсэн юм. Одоо тэр дараагийнхаа ажилдаа орсон. Юун түрүүн Засгийн газрыг онхолдуулж Энхболдоор боодог хийх хэрэгтэй. Маавр хийдгээ хийсэн, маавр одоо зайлах ёстой. Иргэний хөдөлгөөнүүд сүүлийн үед Улаанбаатар сангийн тухай шуугин олдох аргагүй нарийн баримт дэлгэх болсны эх ориг нь мөн л түүний сейфнээс "алдагдсан" байна. Тэнэгдүү боловч арай ч хулгай хийдэггүй нямдорж Цэцээр яллагдах нь МАХН-ыг самрах нөгөө гарын


самардалт нь. нийгэм улам бужигнан учир замбараагаа алдах хэрээр хүмүүс эмх замбараа хүсэж таарна. Үүнээс гарах цорын ганц арга бол Ерөнхийлөгчийн засаглал юм гэсэн туршилтын лекцээ тэрээр саяхан хойд хэдэн аймгаар орохдоо нүдэнд харагдаж гарт баригдтал уншиж сонсгов. Үндэстнийхээ өмнө үйлдсэн асар их гэмт хэргийн ялыг амьд байхдаа эдлэлгүй өнгөрч болох магадгүй цорын ганц гарц нь үнэхээр Ерөнхийлөгчийн засаглал юм, түүний хувьд. Мурчийн зүтгэж байж байгуулсан Авилгын хороо нь түүнд асар том мэдээллийн сан буй болгож өгнө. Энэ нь яг л хоолны цэс шиг захиалгаар үйлчлэх ба нийгмийг бужигнуулах, хүмүүсийг хооронд нь муудалцуулах, улс төрийн намуудыг хяналтдаа байлгах, хүмүүсийн төрд итгэх итгэлийг бөхөөх, өөрөөр ганц үгээр илэрхийлбэл түүний өөрийнх нь гэмт хэргийн ул мөрийг баллахад зориулагдана. Ийм л вээрс байна. Өөрт буй баримт, болж өнгөрсөн процессын явц даамжирлыг харьцуулан анализ хийж ийм вээрс гаргаж ирж байгаа юм. Үнэмшилтэй сонсогдож байгаа биз? Би л лав ингэж дүгнэж, задлан хийж байна. Өөрөөр тайлбарлагдахгүй байх аа! 2007 оны 3 дугаар сар 23


ГӨЛГӨӨ ЯАЛАА? Сүхийг хүрэлдэж, Хүрэлийг сүхдэж байна, цаана чинь! Сүхийг хойд солонгосчууд хүрэлдэнэ. Харин манайх чаддагаараа Хүрэлийг сүхдэх шив. Хүрэлсүхийг би их харддаг. Хөдөлмөр заралгүйгээр ингэж их хөлжсөнийг нь лавтай хулгай хийсэн байж таараа гэж боддог. Ямар мөнгөөрөө "9 давхар" бариулдаг байна? Хадгаламж банкны тэр их луйвраас хүртэхгүй хаачив л гэж. Социалист залуу луйварчдын холбоог цэвэр гараар л удирдаж байв гэж. Ганц би төдийгүй олон хүн ингэж боддог. Аягүй бол нийт ард түмнээрээ ингэж харддаг. Гэхдээ хэнийг ч хардлагаар шийтгэж болохгүй. Ардчилсан нийгмийн гол тулгуур зарчмын нэг энэ. Үзүүлэн болгож хүн шийтгэж болохгүй. Энэ бол бүр том зарчим. Хүрэлсүхийг цагдаа прокурор шүүх баахан хардсан. Яг л надтай адил. Тэгээд юу ч олоогүй. Гэхдээ юу ч гэсэн шийтгэж орхилоо. Уг нь Хүрэлсүхэд би ч, шүүх ч дургүй л дээ, гэхдээ энэ бол түүнийг шоронд хийх хангалттай байтугай хангалтгүй ч нөхцөл биш сэн. Өгөх ялаа тогтчихоод шүүх хурал хийж болохгүй л дээ, уг нь. Шаравдорж гэж нэг адаг гар байх. Хөөр болчихсон өрөөндөө хэвлэлийн бага хурал зохиож байна. Хананд нь улсын ерөнхийлөгч мань хүний энгэрт төмөр тэмдэг зүүж байгаа зургийг ширээний хэртэй томоор угаалгаад жаазлан өлгөжээ. Хэдхэн жилийн өмнө мань эрийг Дээд шүүхийн даргад нэрийг нь дэвшүүлэхэд "УИХ бол өмхий самхай газар, би эндээс бушуухан салж нэрээ цэвэрлэмээр байна" гэж ёслол төгөлдөр мэдэгдэж байж билээ. Тэгэхэд солих гонжоомгүй арчаагүй нэгэн байсансан. Харин энэ удаа мөн л парламентыг харааж буй тэрээр Монголын хамгийн чинээлэг эрийн нэг болжээ. Хүрэлсүхийг бодвол хороолол хорооллоор нь байшин босгож, лиценз дамладаг их гарын панзчин. Өөрөөр хэлбэл илүү хардуулах гавьяатай нэгэн. нэр эндүүрсэн сэтгүүлчтэй шүүхдээд л нохой шуугиулж давхина, гэхдээ энэ нь Шаравдорж хулгайч биш гэсэн баталгаа биш шүү дээ. Саяхан л олон жил хамт ажилласан нөхрөө казиногийн хэрэгт хутган гүтгэж шоронд хийн амь насаар нь тоглож явсан тэрээр одоо өөрөө хэн нэгнээс шан хүртсэн бололтой казино сурталчилж амьтны зараалаар амьтан болчихсон боргож гүйнэ. Үнэндээ хүний ул шагайж матаас бичиж, амьтан гүтгэж гүйхээс өөр юу ч чадахгүй, амьдралдаа хөдөлмөр эрхэлж үзээгүй нэгэн. Монголын хууль тогтоох институцийг байнга гутаан тогоо руугаа нулимах мөртөө амьдралыг нь залгуулдаг энэ байгууллагаас гарах тун дургүй. Хулгай хийх бололцоо ингэж өргөн олгодог өөр газар олж чадахгүй аж. Хүрэлсүхийг аль хэдийнээ эрхийг нь түдгэлзүүлээд шоронд нь явуулчих байсан юм гэсэн санаагаа аминдаа их л уран маягаар, "хуульчлан" тайлбарлаж баяр хөөрөө нуух гэж ихэд хичээнэ. "Анхан шатны шүүхийн шийдвэр жинхэнэ шийдвэр биш" ч гэх шиг, хуулийн мэргэжлийн хүн сонсвол чих нь хуурч унамаар тайлбар тавина. Үнэндээ энэ ажлыг санаачилсан Эзэний зураг ард хананд нь өлгөөтэй аж. Бид ардчилсан нийгэм байгуулаад хориод жил болж байна. Энэ бол нэр төдий зүйл биш бүхэл бүтэн зарчим, бүхэл бүтэн процесс, бүхэл бүтэн механизм. Эрх мэдлүүд ч хуваарилалттай, журамтай, аль болох нэг хүнээс үл хамаарсан тогтолцоо. Хууль бол заазуур гэж "заазуур" нямдорж ярих дуртай. Энэ нь үнэний талтай боловч хил хязгаар давах гэхээр нь шугам татаж байгаад заазуурдах болохоос хаа хамаагүй тэнэж хэн нэгний хүсэл болон


захиалгаар хэний ч магадгүй толгой хяргаж байдаг яргын хэрэгсэл биш. Хил хязгаарыг нь хууль тогтоох байгууллагаас шугамдан тодорхойлж өгдөг. нийгмийн эрх ашгийн үүднээс энэ хязгаарыг хэн ч давж болохгүй гэдгийгээ урьдчилан тунхаглаж зааж өгдөг. Тэрийг бид хууль гэж ойлгоно. Шүүх болгон эцсийн шийдвэр гаргана, хариуцлагаа шүүгч хүлээнэ. Үүнийг л шүүхийн бие даасан чанар гэж нэрлэдэг. Дээд шатны шүүх бол доод шатны шийдвэрийг засан өөрчлөгч биш, өршөөл үзүүлэгч ч биш. Ер нь дээд доод гэж нэрлэдэг нь ч буруу. Адгийн муу нь дүүргийн шүүгч болдог, цоорчихсон нь Дээд шүүхэд тухалдаг юм биш шүү дээ. Хууль нь өөрөө шударга ёстой илэрхий таарахаа больчихсон тохиолдолд Дээд шүүх эх хуулинд нь өөрчлөлт оруулахын тулд хэргийг татан авдаг. Энэ бол ердөө л зарчим. Ингэхээр хуулийг юун түрүүн "хуульчдаас" чөлөөлөх хэрэгтэй байна. Хууль зөрчигчид шийтгэл хүлээнэ, тэр нь ямархуу байх нь хүнд хөнгөнөөр ангилагдана. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэдэг нь хэн нэгэнд зориулсан хөнгөлөлт болоод хүндрүүлэг байж болохгүйг хэлж буй хэрэг. Ижил хэрэгт ижил ял ногдох ёстой. Өөрөөр хэлбэл 10 мянган төгрөг хулуусан ядуу бүсгүй, 14 сая доллар хулгайлсан залуу луйварчин хоёр адилхан 10 жил авч болохгүй л гэсэн үг. Эсвэл 10 сая төгрөгийн хандив авсан Хүрэлсүх 2 жил авдаг юм бол 100 сая төгрөг хандивлуулсан Ё. Отгонбаяр 20 жил авах ёстой гэсэн үг. Олон түмний санаа бодолд тохируулж хүн цээрлүүлж бас болохгүй. наадамд түрүүлсэн морийг харанхуйд харалгүй дайрсан жолоочид 7 жилийн ял өгч байсан шүүгч буруутай. Хуулийн адикват чанар гэж бий. Зоригийн аллагад холбоотой гэж хүнийг баривчилж авчирч жил шоронд хатаачхаад эцэст нь хуурамч диплом авсан байна гэж ялласан шүүгчийг өөрийг нь хууль завхруулсны төлөө шийтгэх ёстой. "Ёстой" юм ч мөн олон байна даа. Гэтэл бүгд л ёсгүйгээр яваад байгаа болохоор манай нийгмийг "ардчилсан" гэж тодорхойлж болох уу? Ардчилсан нийгмийн үндсэн суурь зарчим нь голлох эрх мэдлүүд тусдаагаас гадна хэнээс ч үл хамаарсан байх ёстой. нөгөөтээгүүр ардчилал гэдэг бол зөвшил. Олонх шийдвэр гаргана, цөөнхийн хүсэл эрмэлзэл хүндлэгдэнэ. Өөрөөр хэлбэл үзэл бодлоосоо болж хэн ч өчүүхэн ч цээрлэл хүлээх ёсгүй. Цөөнхийн цөөнх болсон ганц хүн эсвэл ганц гэр бүл нийгмийн хандлагыг тодорхойлж дураараа дургиж болохгүй гэсэн үг. Гэтэл манайд ингэж чадаж байна уу? Улаан Ерөнхийлөгч болохоор санаархжээ. Өөрийнхөө тухай клип хийлгэчихсэн зурагт болгоноор цацаад л алийгаа алдсан л даа. Үүнээс болж "гаалийн Баатарын хэрэг" гэгч мандан хэдэн нөхөд дээлээ нөмрөв. Улаан биш шар дээл намирах учиртай юм байж. Эзэн маань тэнд биш энд байна аа! Уул нь гэмт хэргийг мэдсээр байж олон жил нуун дарагдуулж болохгүй л дээ. Тэгээд өрсөлдөгчөө дарахын тулд баримтыг нь "алдаж" байх жишээтэй. нямдорж хөнжил дотроо хууль засдаг нь ёстой болохгүй зүйл. Гэхдээ энэ гэмт хэргийг нуун далдалж байгаад "цаг нь болохоор" дэлгэнэ гэдэг хууль бус хэрэг шүү дээ. нямдорж Их хуралын дарга болсныгоо улсын эзэн болчихлоо гэж эндүүрсэн нь түүний л тэнэгийнх. Үүнээсээ болоод 31 сая төгрөгийн хэрэгт унаваа. Эзэн маань тэнд биш энд байна аа! Эзний маань зэвүүг хүргэсэн зарим нь буруугаа хүлээж өрөөнд нь мөлхөж орон нус нулимстайгаа холилдсон нь хувь хүний зүгээс өршөөж болохуйц факт боловч хууль ингэж мөрдөгдөж болохгүй л дээ. Хадгаламж банк, Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж зээлийн


хоршоо гээд олон дуулиантай хэргийн нэг муу бээлий гутал нь шийтгэгдээд өнгөрөх биш санаачилсан, зохион байгуулсан удирдан чиглүүлсэн этгээд юун түрүүн цээрлэгдэх ёстой баймаар. Хүрэлсүхийг бусдыг гэмт хэрэгт уриалан түлхсэн хэргээр шийтгэж байгаа юм гэнэ. Гэтэл тэр хөөрхий гэмт хэргийн бүхэл бүтэн цогцолборын ердөө л нэг эрэг шураг. Эрэг зэвэрсэн учраас Эзэн маань сольж байгаа юм. Шинэ зууны эхээр Эзэн маань төрийн албыг хандивын мөнгөөр дамлан борлуулах ажлыг өөрөө гарддаг байсан бол өдгөө бусдаар хийлгээд дараа нь гэрчийг устгадаг болжээ. Баярын ярьж буйтай харьцуулахад энэ л уг нь жинхэнэ төгөлдөршил юм даа. Бид л юм болгоныг Үндэсний аюулгүй байдал гэж гөрддөг болохоос энэ нь тогтсон ойлголт юм. 1. Улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал. 2.Хүн амын аюулгүй амгалан байдал. 3.Төрийн институцийн гацаагүй тасралтгүй функциональ үйл ажиллагаа гэж үздэг юм байна. Манайд Үндэсний аюулгүйн зөвлөл гэж байх. Гол үүрэг нь дээрх зүйлстэй холбоотой асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах институцид зөвлөмж гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ зөвлөгөө өгөх газар одоо юу хийдэг гээч? Төрийн бие даасан бүх институцуудын гаргах гэж байгаа шийдвэрүүдийг хурааж аваад "Үндэсний аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэнэ" хэмээн нэргүй хориг тавьдаг. Эндээс зөвлөгөө авах үйлтэй зуу зуун шийдвэр оочироо хүлээгээд жил сараар хэвтсээр. Төрийн институцийн гацаагүй тасралтгүй функционал үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдлын гол бүрэлдэхүүн байдаг учраас үнэн чанартаа Үндэсний аюулгүйн зөвлөл нь үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хохирол учруулдаг нэгж болжээ. Товчоор хэлэхэд Монголын Үндэсний аюулгүй байдлын дайсан байгууллага. Монгол хүний зарчмын саналын ард хувийн ядарсан санаархал нуугддаг ном ёсоор Эзэн маань өөрийн персоныг жинхэнэ эзэн гэдгийг бүх нийтэд мэдрүүлэх гэж л ингэж дайсагнаж байгаа хэрэг шүү дээ. Төрийн дээд эрх мэдэл биенээсээ үл хамаарсан, бие даасан байдлаар хуваагдах нь ардчилсан тогтцын гол зарчмын нэг. Шүүгч томилдог буруу механизмаас болоод дуртайгаа сүхдэж унагадаг нь зарчим алдагдаж буй хэрэг. Хууль тогтоогчдыг шантаажлах замаар хууль тогтоох институцийг параличид оруулан сүрдүүлж чадаж байгаа нь ч механизм буруу үйлчилж буй илрэл. Гүйцэтгэх засагт чиглэл өгөх тухай Үндсэн хуулинд нэг сонин өгүүлбэр бий. Хувааж захирах тухай л лав хэлээгүй баймаар. Мал төрийн хамгаалалтад гэдэг шиг хачин өгүүлбэр. Гэтэл Монголын баялаг гэнэт үнэ оруут өнөөхийг нь тэвэрч аваад л дэлхийн улс орноор хэсэн гардан наймаа хийдэг нэгэн болжээ, Эзэн маань! Монголд төрийн том шийдвэр гарах механизм нэлээд төвөгтэй, ойлгоход хэцүү, гэхдээ үндсэн зарчим нь институц хоорондын зөвшлөөр шийдэгддэг. Иймээс Эзэний маань бие юу ч шийдвэрлэж чадахгүй боловч юуг ч самарч чадах бололцоотой. Бололцооны ашиглалт харин дүүрээд халина. Хэдийгээр гаднынханд амласан үг нь биелэхгүй гэдгээ мэдэж байгаа ч гэсэн гол нь эзэн хэн бэ гэдгийг ясанд нь ойлгуулах л нь чухал. Амласнаа эргэж ирээд өөрөө самарч байгаад унагаж орхино. Эзэн маань тэнд биш энд байна! Улсын Ерөнхийлөгч төлөөлөх үүрэгтэй. Харин энэ үндсэн ажлаа манай Эзэн маань тэр олон ажлынхаа завсар зайгаар халтуурддаг юм. Яагаад гэвэл эзэн болохоос ямар үзүүлэнгийн хүүхэлдэй биш. Үзүүлэн бол Хүрэлсүх, нямдорж.... гэх мэт. Эзэнд маань өс өвөрлөвөл, Эзэнийг маань гомдоовол, Эзэний маань тэргийг эвдвэл ингэдэг юм. Үзүүлэн бол Шаравдорж, Отгонбаяр... гэх мэт. Эзэний маань ивээлд үл сагсуурч, өчүүхэн гавьяандаа


эрдэхгүй аваас есөн ноцтой гэмт хэрэг тарихад өршөөгддөг юм. Тэр байтугай төмөр тэмдгээр пинжээкээ мялааж цол гуншин ахидаг юм. Эзэн маань тэнд биш энд байна. Aюутугай, дагатугай,! жич: Эзэний маань ивээл гэнэт цээрлэл болон хувирдаг. Хэзээ, яагаад гэдгийг хэн ч мэддэггүй. Учир нь эзэн маань хэтэрхий хардамтгай. Ингэхээр эцсийн бүлэгт тойрон хүрээлж гэмт хэрэг үйлдэгсэд эрт орой алин боловч цээрлэл хүртэнэ. Ингээд бодохоор шударга ёс гэж байдаг л юм байна. Баригдана даа, та нар баригдана, Гөлгөө яалаа? 2008.3.24


ЕРЭН НАЙМАН ОН Энхбаярын эрин ирлээ Ерэн долоон онд Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Энхбаярын эрин эхэллээ. Тэрээр 1996 оны парламентын сонгуулийн дараагаас намын радикал хэсгийн фаворит болсон юм. намын дарга Даш-Ёндонгоор толгойлуулсан аялдагч хэсгийг ортодокс коммунистууд дэмжиж байлаа. Үүнийг сөрж Гомбосүрэн, Чимэд нараар толгойлуулсан радикал хэсэг сонгуулийн ялагдлын дараа хүчтэй сөрөн зогслоо. Тэд залуу хүний хувьд Энхбаярыг бамбай болгон намыг залуужуулах уриа тавьж түүнийг Багабандитай намын даргын төлөө өрсөлдүүлсэн боловч ялагдал хүлээсэн юм. Толгойлогч нар намын бага хурлын дараа намаа эгнэгт орхисноор Энхбаяр өөрөө дээрээ эзэнгүй болжээ. Гэвч намыг шинэчлэх үзэл санаа бага хурлаар ялагдсан ч намд хүчтэй, улам газар авч байв. Иймээс Багабандийн үлдээсэн намын даргын болон Завхан дахь УИХ-ын суудлыг Энхбаяр төвөг багатай эзэллээ. Энхбаяр УИХ-д орж ирснээр хийсэн анхны ажил нь Энхсайханы Засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачилга, МАХн-ын бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан, яг л тийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч Дашбалбар Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор Эвслээс хэн нэг нь нөгөө талд санал өгчээ. Энэ бол Зориг байсан юм. Зориг, Энхсайхан хоёрын зөрчил энэ үед маш хурцадсан байсан юм. 1996 оны сонгуулийн дүн гарсан өдөр сонгуулийн кампани удирдаж байсан Энхсайхан Улаанбаатарт байгаа хэдхэн хүнтэй ярьж тохироод Ерөнхий сайдад дэвшчихсэн байлаа. Эвслийн гол шийдвэр гаргагч нар энэ үед хөдөө тойрогтоо байсан. Элбэгдорж Баянхонгорт, Ганболд Хэнтийд, БатҮүл Хөвсгөлд, Гончигдорж Архангайд, Зориг Дорнодод. Энэ шийдвэрт бүгд битүүхэндээ дургүйцэж байсан боловч дөнгөж сонгуулийн дараа маргалдаад унахаасаа цааргалжээ. Ганцхан Зориг л ярьж тохиролгүй гаргасан шийдвэрт илт унтууцав. Үүнээс өмнө МҮАн-ын даргын марафон болж Элбэгдорж Ганболдыг ялжээ. Энэ марафоны цаад утга нь ялсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох тохироо байлаа. Сонгуулиар гарч ирж чадаагүй Ламжав гуай Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн давхар байж болохгүй талаар гомдол гарган Цэцэд заргалдлаа. Цэц эгшин зуур шийдвэр гаргав. Ингэснээр сайд болох сонирхолтой хүмүүс шаварт хаагдаж, гарын дор Засгийн газартай байх сонирхолтой Энхсайхан давхар хожив. Зориг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дарга болсны хувьд ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын талаар өөрийн саналыг Ерөнхий сайдад тавьжээ. Харин цаадах нь доромжилж өрөөнөөсөө хөөж гаргасан байна. Хариуд нь Зориг арга хэмжээ авлаа. ТЕГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг тагнаж чагнасан талаар шалгалт явуулж дүгнэлт гаргуулан үүнд Ерөнхий сайдыг албан ёсоор буруутгалаа. Санааг нямдорж өгчээ. Тэрээр 1991 онд Хууль зүйн дэд сайд байхдаа нөгөө дэд сайдтайгаа хорихын төсөл булаацалдан зөрчилдсөн нь явсаар түүнийг тагнуулын хэрэгт сэжиглэсэн хавтаст хэрэг үүсгүүлсэн байна. Иймээс тэрээр хавтаст хэргийг устгуулах, энэ хэргийг гардаж байсан ТЕГын шинэ дарга генерал Баатарыг зайлуулах хэрэгтээ Энхсайхан Зориг нарын зөрчлийг овжин ашиглахаар шийджээ. Ийм ийм шалтгаан улам гүнзгийрсээр Энхсайхан, Зориг нар харилцан


дайсагналцах болсон юм. Энхсайханы Засгийн газар 50 гишүүний дэмжлэгээр тогтлоо. Асуудлыг ганцаараа шийддэг, хамтын тоглолт гэдгийг ойлгодоггүй, бусдыг зөвхөн өөрийнхөө хэрэгт ашиглаад мартдаг, найз нөхөдгүй Энхсайхан ямар ч асуудлыг хэнтэй ч зөвлөдөггүйгээр үл барам зөвлөх гэж оролдсон хэнийг ч басамжлан мохоохоо урьтал болгож, төрийн эрх мэдэлд гэнэт гараад ирсэн амбиц бүхий залуусын эгдүүг хөдөлгөнө. Гэвч санал асуулгын өмнө тэрээр бүгдтэй нь уулзан цаашид хамтарна, зөвшилдөж байна, УИХ-ын гишүүдийг сонсдог механизм бүрдүүлнэ гэж амлан далан таваар бууж өгсөн билээ. УИХ-ын санал хураалт дууссан тэр мөчөөс мэдээж өнөө амлалтаа таг мартаж, бусдыг өнгийж харсан, ихэмсэг, биеэ тоосон Энхсайхан дахин гараад ирлээ. Чухам энэ шалтгаан Энхбаяр, Зориг нарын ойртох сэдэл болов. Энхбаярын зорилго Эвслийн Засгийн газрыг бужигнуулж болбол УИХ-ыг параличид оруулан хугацаанаас нь өмнө тараах, болдоггүй юм гэхэд дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах байлаа. Тэрээр зорилго руугаа хэтэрхий яарна. Түүнд муу тусмаа сайн гэсэн логик үйлчилж байв. Энхсайхан хүний дэмжлэг аваад мартдаг бол, Энхбаяр хамтарсан хүнээ дараа нь дэвсэж устгах гэж зүтгэдэг ер бусын онцлогтой макавилист аж. Зориг болохоор Энхсайханыг огцруулж намын дарга Элбэгдоржийг оронд нь тавих тухай төлөвлөж байв. Энхбаярын ард МАХн-ын 25 гишүүн байсан бол Зориг ч чамгүй нөлөөтэй, өөрийн бүлэгтэй. Тэрээр УИХ-ын гишүүд дотроос Ганбаатар, Чимидцэрэн, Энхбаатар нартай маш ойр найз нөхрийн холбоотойгоос гадна түүний бүлэгт Бадамдамдин, Лу.Болд, молекул Батбаяр, нарангэрэл, Эрдэнэбилэг, Хулан гээд цөөн бус гишүүд багтаж байв. Түүнээс гадна эвслийн зонхилох шийдвэр гаргагч болох Алтанхуяг, Гончигдорж, Баабар, Элбэгдорж, Ганболд, Амаржаргал нартай түүний харилцаа сайн байсан юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баяртай бас дотно харилцаатай байлаа. нэг үгэндээ тэр хүчтэй байсан. Энхсайханы Засгийн газар зоримог реформ хийж үр дүн нь нийгэмд тод харагдаж байлаа. Иймээс Засгийн газрыг тухайлбал муу ажиллаж байна гэж зэмлэх үндэслэл үгүй. Энэ "уран санаа" хаанаас гарсныг мэдэхгүй, юутай ч 1998 оны хавар Цэцээс УИХ-ын гишүүн сайд байхыг зөвшөөрлөө. Ийм шийдвэр гаргуулахад Энхбаяр голлох үүрэг гүйцэтгэв. намын даргын хувьд түүнд Цэцэд нөлөөлөх нөлөө бараг л хязгааргүй байсан юм. Иргэн Ламжавын гомдолд гаргасан шийдвэрээ Цэц ийнхүү хоёр жил хүрэлгүй буцаав. Ингээд намын дарга Элбэгдорж Цэцийн шинэ шийдвэрийн дагуу Ерөнхий сайд болох ёстой гэсэн шийдвэрийг намаас гаргалаа. УИХ дахь бүлгээсээ дэмжлэг нэгэнт хүлээхээ больсон Энхсайхан огцорч Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдав. Энэ үед шинээр бүрэлдэж байсан "элсний арван гурав" комоороо Энхсайхан дээр яваад очлоо. Өөрсдийгөө "хөдөөний" гэж тодотгох эдгээр хүмүүсийг үнэндээ рэкэтээр хөлжих сонирхол нэгтгэж байсан юм. Энхсайхан эднийг Эгийн цахилгаан станцын төслөөс 20 сая доллар олж өгнө гэж хууран урхиджээ. Бололцооноос хэт ахадсан их мөнгө гэдгийг төсөөлөх боловсрол тэдний хэнд нь ч байхгүй. Төдийлөн ашигтай бус мөртөө 250 сая долларын өртөгтэй Эгийн усан цахилгаан станцыг Чехийн хэн ч мэдэхгүй барилгын төслийн жижиг компани өөрийнхөө хөрөнгөөр бариад тэндэр олж өгсөн хөдөөний хэдэн харцуулд 20 сая доллар бэлэглэнэ гэдэг чухам тэдэндээ л таарсан үлгэр байлаа. "УИХ-аас гарахдаа ганц сая доллартой хоцоръё" гэж суниаж байсан хөдөөний хөлх эр сүүлд уурхайд жолооч хийгээд харайлгаж явсан нь хүсэл биелэл хоёр нь


ямархуу хол зөрөөтэй байсныг илтгэнэ. нэг нь авч үлдсэн дипломат паспортаа ашиглан Солонгост биечлэн хүн гаргаж яваад баригдан шоронд суусан дуулдсан. Эднийг Энхсайхан нэгтгэн Элбэгдоржийн Засгийн газрын эсрэг тухиран тавилаа. Ер нь эд мөнгө, эрх мэдэл, албан тушаал олж авахын тулд үгссэн бүлэглээд зорилгоо нуухын тулд элдэв шударга сайн сайхны тухай эх оронч лоозонгоор халхлан сүрдүүлэг, рэкет хийдэг анхны томоохон үзэгдэл эндээс үүдэлтэй. Тэнэг жишээ халдвартайн үлгэрээр ийм явдал улам тархан бусад намуудад элбэг болсон төдийгүй олон нийтийн байгууллага гэгчийг байгуулан рэкет хийх нь хэдхэн жилийн дараа Монголын нийгмийн түгээмэл үзэгдэл болсон юм. Улс төрийн намуудад шударга үнэний төлөө гэх фракц бүлгүүд, олон нийтийн байгууллагуудад эх орны болон үндэсний эрх ашгийг дээдлэх хамгаалах хөдөлгөөн зэрэг нь эцсийн бүлэгт хэдхэн хүний эд мөнгө эрх тушаал булаацалдсан увайгүй шуналын гадаад илрэл байх ажгуу. нийгэм дахь баримжааны үнэ цэнэ ингэсээр бүрмөсөн алдагдаж эхэлжээ. Энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлнэ. Энхбаяр одоо өчигдрийн холбоотон Зоригийн өөрийнх нь орсон Засгийн газрын эсрэг элснийхнийг ашиглаж эхэллээ. Элбэгдоржийг Ерөнхий сайд болоход зуун хувь дэмжсэн түүний бүлэг шинэ Засгийн газар бүрдэх дараагийн алхмуудад саад хийн, дэвшүүлсэн сайд нарыг нь ээлж дараалан унагаж эхлэв. Үүнийг тэд элснийхэнтэй хамтарч нууц санал өгдөг механизмыг ашиглан тоглож гарсан юм. Гэхдээ тэрээр хоёр фронт дээр зэрэг тоглолт өрнүүллээ. Ерөнхийлөгч Багабанди түүний нам доторх хүчтэй өрсөлдөгч байв. Багабандийн гол тулгуур нь Эрдэнэт үйлдвэрийн дарга Отгонбилэг. Иймээс тэрээр намын нарийн бичгийн дарга Энэбишээр халхавч хийн Ерөнхий сайд Элбэгдоржид бараалхав. Отгонбилэгийг яаралтай хусах нь шинэ Засгийн газрын огцрохгүй үлдэх сүүлчийн бөгөөд найдвартай ганц баталгаа болохыг тулган ойлгуулсан юм. Энхбаяр одоо Багабандитай нүүрээ харуулахгүйгээр, Элбэгдоржтой барьцаалах байдлаар тулалдаж байсан бол шинэ холбоотон нь өчигдрийн дайсан Энхсайхан болжээ. Монголын улс төрийн тайзан дээрх Энхбаяр, Энхсайхан нарын сонирхолтой өрсөлдөөн-холбоо ийнхүү улам тод боллоо. Энэ хоёр хүн эрх мэдэл булаацалдвал биенээ эгнэгт дэвслэн хөнөөхөөр уралцах боловч дундын нийтлэг дайсан гараад ирвэл андын холбоотон болно. Цаашид ийм эсрэг тэсрэг байдал хэд хэдэн удаа давтагдсан. Гэхдээ үүнээс хойш үргэлж Энхбаяр нь дээд, Энхсайхан нь доод эрэмбэд байлаа. Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж үгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэсэн үгийн үнэнийг баталсан үзүүлэн. Товчхондоо хэн хэн нь зарчим гээч юмыг огтоос мэдэхгүй, тоодог ч үгүй ажгуу. Санхүүгийн хямрал 1991 онд анх удаа Төв банкийг арилжааны банкнаас салгалаа. Гэхдээ арилжааны нэлээд хэдэн банк байгуулсан нь бүгд улсын өмч. Чухам улсын мэдлийн энэ банкнууд монголчуудыг залилан луйвар шамшигдуулал хийж сургахад хичээлийн гол талбар нь болсон юм. Зээлийг эхэн үедээ танил тал, бага сага хахууль харж өгдөг байсан бол сүүлдээ зээлдэгч мөнгөө авангуутаа 10 хувийг нь банкны ажилтнуудад өгдөг тогтсон жишиг буй болжээ. Хожим энэ нь тэндэрт жишиг болон үлдсэн юм. Шинэ луйвар хийхийн тулд улсын мэдлийн шинэ банкнууд байгуулна. Тэр нь тун удалгүй мөн л дампуурна. Хамгийн том нь болох Ард банканд түрүүний дампуурсан банкийг нэгтгэнэ. нэг үгэндээ нэг ч банк үнэн хэрэгтээ дампуурахгүй,


ямар ч хариуцлага хүлээлгүй Ард банктай очиж нийлэн өрөө тэнд овоолж байв. 1995 онд Засгийн газар дампуурсан 4 банкийг нэгэн зэрэг Ардтай нийлүүлж байв. Санхүүгийн систем шинэчлэгдээгүйгээс болоод Монголын жижиг эдийн засаг жижиг гэлтгүй сүйрлийн ирмэгт тулжээ. 19911997 онд эдгээр улсын мэдлийн арилжааны банкаар дамжин найдваргүй болсон зээлийн нийт хэмжээ бараг 100 сая доллар хүрсэн нь (хавсралтыг үз) тухайн үеийнхээ үндэсний нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг болж байлаа. Олон улсын валютын сан сүйрэн унаж байгаа энэ санхүүгийн системийг аврах төлөвлөгөө боловсруулжээ. Үүнд зориулж Азийн хөгжлийн банкнаас 35 сая доллар зээлдүүлэв. Бүхий л найдваргүй зээлийг өөр дээрээ овоолсон Ард, Даатгал банкийг 1997 онд Засгийн газраас чухам энэ зээлийн мөнгөөр дампуурууллаа. Дампууруулах нь зүй боловч энэ суурин дээр хийсэн дараагийн арга хэмжээ нь маш буруу алхам байв. Юу гэвэл иргэдийн хадгаламжийг хамгаалах үүднээс Хадгаламж банкийг банкны үйл ажиллагаа хийх эрхгүйгээр байгуулаад, зэрэгцүүлээд мөн л төрийн мэдлийн Сэргээн босголтын банк гэдгийг байгуулав. Энэ үйл ажиллагаанд зээлийн хагас буюу 17 сая доллар зарцуулжээ. Хадгаламжийн банкны үйл ажиллагаа явуулах эрхийг 2001 онд дараагийн Засгийн газар нээж өгснөөр хэдхэн жилийн дотор луйварчдын гараар орж ганц ерөнхий нягтлан нь 13 сая доллар завшсан болох нь хожим илэрсэн. Сэргээн босголт банкийг байгуулагдсан өдрөөс нь тонож эхэлжээ. Хэдхэн сарын дараа Азийн хөгжлийн банк алдаа хийснээ ойлгож Сэргээн босголт банкыг яаралтай дампууруулах санал Засгийн газарт тавив. Алдааны өртөг 11 сая доллар, өөрөөр хэлбэл Сэргээн босголтыг дампууруулахад ийм хэмжээний мөнгө шаардагдаж байв. Энхсайханы Засгийн газарт энэ нь нэр хүндийн хувьд тун муу гарц байлаа. Хэдхэн сарын өмнө өөрснөө байгуулчхаад тэр дор нь асар их үнээр эргүүлж дампууруулахаас татгалзав. Энэ банкны алдагдал өдөр хоногоор аймшигтайгаар нэмэгдэж байлаа. Гэтэл үүний цаана дампууруулах төлөвлөгөөнд орсон ХОТШ банк бүр ч аймшигтай, хавьгүй илүү шамшигдуулалттай байсан юм. Эдний зөвхөн Германы банкнуудаас аваад алга хийчихсэн мөнгө нь 5 сая доллароор (хавсралтыг үз) хэмжигдэж байв. Огцрох чимээ гараад эхлэнгүүт Энхсайханыхан асуудлыг хав дараад дараагийн Засгийн газарт галтай бөмбөгийг тэр чигээр нь атгуулж орхив. Яг энэ үед Азид дэгдсэн санхүүгийн хямрал улам газар аван эдийн засгийн хямрал болон хувирч байлаа. Сэргээн босголт банк ...Дөрвөн сарын эхээр би эмнэлэгт хэвтэж байлаа. Энэ үед Цэцийн шинэ шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж гэнэт зөвшөөрсний дагуу Эвслийн хоёр намын хурал болж МҮАН-ын дарга Ерөнхий сайд болно гээд тогтчихсон байв. Эмнэлэгт хоёр намын дарга болох Элбэгдорж, Гончигдорж нар ирэн намайг "Сангийн сайд бол" гэж ятгах тулгахын завсарт хэллээ. Элбэгдоржоор толгойлуулсан шинэ Засгийн газар буй болох нь нэгэнт тодорхой болсон зүйл. Би уул нь Энхсайханыг огцруулахыг дэмжихгүй байлаа. Хувьсгалт нам тоглож өгнө гэдэг нь ойлгомжтой байв. Тэгээд ч Энхсайханы Засгийн газар сайн ажиллаж байсан. Гэвч асуудал нэгэнт шийдэгдсэн учир надад зөвшөөрөхөөс өөр арга олдсонгүй. над шиг хурц ширүүн үгтэй, хэний ч сүүдэрт орох дургүй биеэ тоосон хүн нэгдүгээр нүүрэнд гарах нь тохиромжгүй гэдгийг сайн мэдэж байсан. надад хонзогнож


өширхөгч дэндүү олон бий. Иймээс ч түрүүн нь Байнгын хороон дарга болохоос татгалзаад байсан хэрэг. Дэлхийн банкны төлөөлөгч мэргэжилтэн гэгч 1998 оны 5р сарын 2-нд Сангийн сайдтай уулзахаар ирлээ. Мөнөөх банк эрүүлжүүлэх 35 сая долларын зээлийн хүрээнд. Тэрээр ирээд сар болж байгаа гэнэ. Сэргээн босголт банкийг 4-р сарын 1-ээр тасалбар болгон дампууруулахаар Энхсайханы Засгийн газартай тохирсон боловч тэд таг чиг болжээ. Сар ажиглалт судалгаа хийгээд энэ банкийг яаралтай дампууруулахгүй бол хохирол нь дийлдэх аргагүй болно гэдгийг санууллаа. Монгол банкны удирдлагатай уулзаж Засгийн газрын харьяа шинэхэн Сэргээн босголт банкны талаар мэдээлэл авав. Ердөө хэдхэн сарын дотор 7,5 тэрбумын найдваргүй зээл тараажээ. Банкны захирал Ганбат гэгч нь урьд нь Дархан Сэлэнгэ хавьцаа ажиллаж байгаад ирсэн нэгэн аж. Луйврын дэндүү дийлэнхийг Дархан, Сэлэнгийнхэн хийсэн байна. Тэр дундаа Зүүнхараагийн жижиг салбар онцгой идсэн байх юм. нутаг нугын мафи маягтай. УИХ-ын гишүүн Содхүү гэгч Сэлэнгийн луйварчин гэхэд "Арвижих оил" нэртэй компаниар дамжуулан 360 сая төгрөг зээлж аваад бодвол тэрүүгээрээ "Капитрон" гээч банк байгуулжээ. Үүнд МАХН-ын нэлээд томчууд хутгалдсан байх жишээтэй (хавсралтыг үз). Содхүү зайтай луйварчин. Зээлийн мөнгөөр бүхэл бүтэн сангийн аж ахуй хуурамчаар худалдаж аваад үр тарианы авлагаар нь зээлээ хаачихаж. Аж ахуйн нэгжийг өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан гэсэн үг. Гэтэл тэрээр сүүлд нь банк тойруулж хамгийн их улстөржин эх орноо хамгаалж яаж товойн дөвчигнөсөн гэж санана! Өөрийгөө "Монголын толгой эдийн засагч" гэх мэтээр огт тоохгүй нэрлэж сонинд бичүүлнэ. "Оюуны ундраа" компанийн эзэн Отгонбаяр Засгийн газарт 800 сая төгрөгөөр Ми8 нисдэг тэрэг заржээ. Засгийн газраас мөнгөө авахын өмнө хоёр банкнаас түүгээрээ барьцаалж зээл авсны нэг нь энэ Сэргээн босголт. Банкны ажилтнууд зээл гаргаж өгөөд 10 хувийг нь авдаг нь бараг л ил тод наймаа болжээ. Ганбат захирал болон түүнийг хүрээлэгчид, банкны Дархан Сэлэнгийн салбарын эрхтнүүд асар богино хугацаанд баяжиж (хавсралтыг үз). Гэнэт баяжихаараа монгол хүн яаж цамаархаж савируулдаг билээ дээ. Олон зээл хүний нэр дээр хийгдсэн учир цаад эзэд нь олдохгүй боловч "хар аргаар" өнгийвөл мэдэгдэхээр аж. Банкны захирлыг дуудаж авчраад ажлаас халсныг нь мэдэгдлээ. Энэ банк нь төрийнх, өөрөөр хэлбэл Сангийн яамны харьяа ухаантай. Захирлыг, мөн Зүүнхараа болон Чингэлтэй дүүргийн салбарыг цагдаагийн газарт өглөө. Зээлийг зогсоох тушаал гаргав. Гэвч тэд тушаал гарснаас хойш цагдаад баригдах 15 хоногийн дотор асар их зээл нэмж тараасан байсан юм. Энэ бол хулгай биш улайм цайм дээрэм. Одоо энэ банкийг яаж хохирол багатай дампууруулах вэ? Өртөг нь бараг 11 сая доллар болоод байдаг. Үүний цаана байгаа ХОТШ банк үүнээс ч их өртөгтэй. Банк цэгцлэх 35 сая доллароос хагас нь байхгүй учир хүрэхээ больчхоод байдаг. Хэрвээ энэ мөнгийг хэмнээд, дампууралдаа асар их мөнгө нэхээд байгаа энэ Сэргээн босголт банкийг хэн нэгэнд нь өртэй юутай нь даатгаад хаячхаж болдогсон бол? Чухам энэ үед хувийн Голомт банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Болдхуяг над дээр орж ирсэн юм. Тэдний банк элгээрээ мөлхөн унаж байгаа Хөдөө аж ахуйн банкийг өөртөө нийлүүлэхээр шийдсэн аж. Хөдөө аж ахуйн банкны ердөө 10 хувь нь улсын мэдэл, иймээс


голлох хувьцаа эзэмшигчидтэй нэгэнт тохирсон учир шийдвэр гаргах эрхгүй 10 хувьтай төрд ердөө л дуулгаж яваа нь энэ аж. Хөдөө аж ахуйн банк уг нь номоороо бол аль хэдийнээ дампуурсан. Гэвч Монголын өнцөг булан бүрд нийт 300 шахам салбартай хамгийн түгээмэл банк байсан учир Засгийн газар ч, гадаадын зээл тусламж ч тийшээ чиглэсэн амь тариа хийж байсан. Гэхдээ л 45 тэрбумын алдагдалтай байсан юм (хавсралтыг үз). Шинээр хүч түрэн гарч ирж буй Голомт уг банкны олон салбарт шүтэж энэ зэргийн алдагдлыг өөрөөсөө төлөхөөр шийджээ. Өөрөөр хэлбэл ийм олон салбар байгуулна гэвэл үүнээс ч илүү өртөг гарна гэж тооцсон хэрэг. Би Болдхуягийг удтал ятгаж гарав. Улсын нуруун дээр 11 сая доллар тавьчхаад байгаа Сэргээн босголт банкийг түүнд атгуулчих гээд байгаа хэрэг. ХАА-н банкнаас Сэргээн босголт дээр гэж ухуулав. Мань эр нөхөдтэйгөө ярьчхаад ирье гээд гарсан. Хэд хоног ятгасны эцэст тэд зөвшөөрсөн юм. Хожим тэд надад гомдон "Бид ядахнаа 40 нас хүрсэн байсан бол танд ингэж амар хууртахгүй байлаа" гэж билээ. Хожим би ч өөрөө гэмшсэн. Яахаараа улсын өмч л шатахгүй бол хувийнхан ямар ч хохирол хүлээсэн яадаг юм гэсэн бодол надад байсан юм бол? Эсвэл хариуцсан ажлаа сайн байлгахын тулд бусдын хохирлыг тооцдоггүй тийм увайгүй хүн гэж үү, би? Урьд нь жасрайн Засгийн газар улсын өмчийн банкийг дампуурах болохоор мөн л улсын өмчийн Ард банкан дээр овоолж амь дүйдэг байснаас миний энэ арга хэлбэрийн хувьд ялгаа байсангүй. Ялгаатай нь хохирогч нь төр биш хувийн сектор болох байлаа. Хувийн өмчийг жигшдэггүй юм гэхэд хохирч байх нь өөрсдийнх нь хэрэг гэдэг коммунист маягийн хандлага надад ч байж. Байгуулагдаад дөнгөж гурван жил болж байсан Голомт банканд энэ гамшиг том шалгуур болсон юм. Магадгүй ийм аймшгийг давж гарсан нь цаашдын төлөвшилд нь их нэмэр болсон байх гэж бодож өөрийгөө цагаатгадаг. Банк тойрсон тоглолт Засгийн газарт танилцууллаа. Бүгд учрыг ойлгож дэмжив. Амаржаргал л жаахан дурамжхан. Хэрэв ингэхгүй бол яах хэрэгтэйг асуухад "Бантан зуурснаараа өөрөө тэрийгээ идэхгүй юу" гэж хариулсан юм. Түүнд шалтгаан байсан, Цэргийн сургуульд Улс төр эдийн засгийн ухаан гэдэг хичээл зааж байсан хүний хувьд Сангийн сайд болно гэж бодож байж. Сэргээн босголтыг дампууруулалгүйгээр Голомт банканд аргалаад өгчих хувилбар гаргасан учир шийдвэрийг гэнэт хийх ёстой байлаа. Сэргээн босголтын асуудлыг олон нийтэд ил тавих нь аюултай, хүмүүс мөнгөө татаад эхэлбэл банк дампуурна. Ингээд хагас сайны шөнө шийдвэрт гарын үсэг зурсан юм. Үүний урьд Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгчтэй гэрт нь очиж уулзан байдлыг танилцуулаад авах гэж буй арга хэмжээгээ тодорхой ярьсан юм. Харамсалтай нь асуудлыг түрүүлж мэдсэн хүний хувьд Ерөнхийлөгч үүнийг хэрхэн улстөржүүлэх замаар хожоо гаргах зааврыг МАХН-ын УИХ дахь бүлэгт өгсөн байдаг (хавсралтыг үз). Даваа гаригийн өглөөнөөс жинхэнэ халуурал эхэллээ. Сэргээн босголтыг авсан Голомт бүрэн эрхт төлөөлөгчөө оруулан шалгалт явуулж эхлэв. Банк тэдний төсөөлж байснаас хавьгүй илүү аюултай байдалд байх аж. Луйварчин дээрэмчид тонож цөлмөөд харах эцэсгүй юм болгожээ. Зээл нэрээр 10 гаруй тэрбум төгрөг цацаад, цөлмөөд хулгайлаад явчихсан нь тэр үеийнхээ хэмжээсээр сансрын тоо байв. Голомтынхон томоохон зээлдэгчдийн нэрийг гаргаж зээлээ төлөхийг шаардсан нь мэдээж дургүйг нь хүргэж таараа. Банкны ажилтан хулгайч нар юун түрүүн улс төрийн орогнол эрэн МАХн-ын цагаан байшин руу гүйлдэв. Угтан авч хөхиүлэгч нарын дунд Сэргээн босголтоос зээл нэрээр луйвар хийгчид мундахгүй байсан ч ихэнх нь


үүнийг улс төрийн өс хонзон авах аятай далим гэж харж байлаа. 1996 оны сонгуульд ялагдсаны өс! Энэхүү банкны тонуулчдаас Энхбаярын байгуулсан Ардчилсан социалист залуучуудын холбоо гэгч байгууллага үүсэн юм. Үнэндээ энэ нь залуу луйварчдын холбоо байлаа. УИХ-аас Сэргээн босголт банканд Дэмбэрэлээр даргалуулсан шалгалтын хэсэг байгуулан орууллаа. Банкны тухай ямар ч ойлголтгүй эдгээр хүмүүс ямар дүгнэлт гаргах нь эхнээсээ тодорхой байсан юм. Онц идэвх гарган гүйж, хожим ярих дүгнэлтээ ажлаа эхлээгүй байхдаа УИХ-д ярин сонинд ярилцлага өгч байсан Гомбожав эдэн дундаа илүү тодорч байв. Тэрээр урд жил нь өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд орохын тулд намаасаа гарчихсан байлаа. Эгэл борчуулын төлөө хэмээх уриатайгаар сонгуульд оролцсон түүнд Монголын хүн амын 2 хувь орчим эгэл борчуул санал өгснөөр тэрээр цаашдын улс төрийн карьераа алчихсан байв. Энэхүү банкны явдал түүнд намынхаа өмнө цагаатгалыг олох магадгүй сүүлчийн боломж байлаа. Комисст элсний гэгдэх бүлэглэлийнхэн орох гэж хоорондоо булаацалдан эцэст нь Батнасан, Дашпүрэв нар азтанаар шалгарав. Тэр хоёр тэр дороо Голомт банкны захиралтай уулзан тус бүрдээ 10 сая төгрөг нэхэж, чингэвэл шалгалтын дүн сайн гарна гэж амлажээ (хавсралтыг үз). Монголын парламентын гишүүн хүн орлогоо голлон олдог суваг анх ингэж нээгдсэн юм. Шалгалтын комисс нэрээр Төрийн байгууллагуудыг дарамталж зүсэн зүйлийн хэлбэрээр эд мөнгө салгах энэ арга хойшлох тусам улам боловсронгуйжсаар тэр үеийн улайм цайм нэхдэг бүдүүлэг байдлаа гээн хуйвалдах, тэндэр хуваах, улсад материал шахах зэрэг боловсон хэлбэрт шилжин тогтсон билээ. Шид нь бүрдсэн комисс хоёр хоног баахан хов цуглуулаад Сэргээн босголт банкийг ямар ч хямралгүй цаашид ажиллах бүрэн бололцоотой байна гэж дүгнэлээ. Гэтэл комиссын нэг хэсэг нь "Сэргээн босголт дампуурсан учир хамгийн сайн оновчтой арга хэмжээ авсан байна" гэсэн эсрэг дүгнэлт гаргасан боловч хэн ч үүнийг сонсохыг ч хүссэнгүй. Банкнаас зээл авсан компаниудын зуучлагч нар гэж баахан нэр зохиож тавьсанд Элбэгдорж, Гончигдорж болон өөр хэд хэдэн хүний нэр тавьсанд мэдээж миний нэр оржээ. Эдгээр нэрийг эхлээд "Сэрүүлэг" сонинд "сурагтай" гэдэг маягаар гаргасан юм. нэг үгэндээ хэвлэлээр нэр зохиож гаргаад үүнийгээ шалгалтын комиссоор баталсан маягтай. Сэргээн босголт банкны захирал цагдаад дуудагдангуутаа оргон зайлжээ. Тэгэнгүүт "Сэрүүлэг" сонин түүнтэй орогнож буй нууц газарт нь хийсэн ярилцлага гэгчийг зохион нэмж баахан хүн гүтгэв. Энэ ярилцлагыг комиссынхон гол дүгнэлтээ болгосон юм. Хожим шүүхэд ч энэ сониныг л барьж өөрсдийгөө зөвтгөж байлаа. Сонины эрхлэгч тэр дороо МАХН-ын хамгийн хүндтэй хүний нэг болон тодорч хэд хэдэн удаа хотын депутатаар сонгогдон, газрын наймаагаар ихэд баяжин улсдаа тэргүүлэгч капиталистын нэг болсон билээ. Залуучуудын холбооноос эрхлэн гаргаж байсан нэгэн товхимолд редактор нь мэдэгдэлгүйгээр засвар оруулан өнөөх ярилцлагаас иш аван Элбэгдорж, Гончигдорж Баабар мэтийн хүмүүс банкны зээлд зуучлан мөнгө хулуусан тухай материал шургуулан хэвлүүлжээ. нэг үгэндээ гүтгэлэг долоо хоногийн дотор ном болон "баримтжин" мөнхөрч буй нь энэ. Редактор үүнээс хойш зэрэг цол ахин өөрийнхөө зиндаанд үргэлж том алба хашиж яваа. МАХН-аас цуглаан жагсаал зохиож гарлаа. Эрх чөлөөний талбайд болсон цуглаанд Энхбаяр,


нямдорж нар биечлэн оролцож үг хэлэхдээ иргэдийг банкнаас мөнгөө татахыг уриалав. Үүнийгээ чимэглэхдээ "Та нар хулгайчийн царайг харъя гэвэл өнөө орой зурагтаа асаагаад Сангийн сайд Баабарыг харцгаа" гэж захив. Эрүүгийн хуулийн "Төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг" гэсэн цаазаар авах ял бүхий зүйлд "... төрийн мөнгөний бодлогыг санаатайгаар унагах" гэсэн заалт байдгийг би тэр хоёрт үзүүлсэн юм. нямдорж ёстой ориг хариулт хэлсэн нь: "Хууль ямар хамаатай юм! Би ард түмнийхээ талд зогсоно". Энхбаяр бол илүү зальхай. "Дараагийн сонгуульд тэртэй тэргүй танай нам ялж чи Ерөнхий сайд болох нь тодорхой. Санхүү банкны системийг цэвэрлэх нь эцсийн бүлэгт чамд л хэрэгтэй шүү дээ" гэсэн учирлалд "Би ч хэрэгтэйг нь сайн ойлгож байна л даа. Манайхан бас их хэцүү байна аа. Халуурцгаагаад... намайг шахаж загнаад байх юм. намын дарга болохоор би тэднийхээ үгийг сонсохгүй болдоггүй, чи өөрөө намын дарга байсан хүн байна хөгшнийхөө энэ зовлонг ойлгож байгаа" хэмээн өрөвдөлтэй царай гаргана. Үнэндээ тэр өөрөө энэ бүхнийг зохион байгуулж байлаа. Хожим бүгд түүнд дэвслүүлээд эхлэнгүүтээ надад нэг нэгээрээ ирж хэлсэн. Хашир өөрөө нөхдөө шахаж байлаа. Гүтгэлэг замаа алдлаа. Зэсийн үнэ шалан дээр унаснаас болоод Эрдэнэт татвараа битгий хэл хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгч дийлдэггүй. Би Эрдэнэтийн Отгонбилэгийг эрж, Отгонбилэг надаас зугтаадаг ажилтай болов. наадам дөхөөд ирэхээр улсын санд тавих цалин байдаггүй. Хэрэглэсэн цахилгааны мөнгөө өгчих гэхэд, Казахстанд алдчихсан арван хэдэн сая доллароосоо одоохон хэдийг нь олоод ирнэ гэж Отгонбилэг амлаад зугтана. Би гэрээр нь хүртэл хэд хэд очсон. Эцэст нь наадмын урд өдөр Монгол банкнаас 3 тэрбум төгрөг зээлж цалин тавилаа (хавсралтыг үз). Ердөө наадмын маргааш Шаравдорж, Цэвээнжав нар хэвлэлийн бага хурал хийлгэж наадмаар ажил тарсан байхыг далимдуулж Монгол банкны Үнэнбат бид хоёр 3 тэрбум төгрөг хулгайлсан болохыг "илчлэв". Хэдэн хоногийн дараа тэр хоёр намайг бүр 27 тэрбум төгрөг завшсаныг илчилж сонин болгонд ярилцлага өгч мэдээллийн хэрэгслэлийн шударга баатраар тодорлоо. Улсын цалингийн жилийн нийт фонд жар гаруйхан тэрбум төгрөг байсан тэр үед би хаанаасаа бараг хагастай нь тэнцэх мөнгө идсэний учрыг олоогүй (хавсралтыг үз). Хаанаас ч ийм тоо олсон юм бол? Зуутын дэвсгэрээр бодоход гуч гаруй ачааны машин мөнгө болох юм байна гэсэн тооцоог л хийж үзсэн. Үнэндээ тэр үед НҮБ-ийн өнгөрсөн жилийн татвар гээд ердөө 110 мянган долларын нэхэмжлэл ирэхэд гаргах мөнгө байхгүй сандарч байлаа. 2000 оны сонгуулийн дараахан Шаравдоржоос сэтгүүлч мөнөөх олон тэрбум төгрөгийн тухай нь асуухад "Шинэ УИХ-д би Ёс зүйн хороог хариуцахаа больсон учир дараагийн хүн шийдэх байх" гэж хариу өгч байв. Солих хувцас тааруутай байсан энэхүү насаараа хөдөлмөр хийж үзээгүй хүн 10 жилийн дараа гэхэд Монголын хамгийн баян тарган бэлтэй хүн болон хувирч билээ. Ид зуны дэлгэр цаг, валютын урсгал урсдаг улирал. Гэвч банк тойруулж шуугиан үүсгэн, иргэдийг хадгаламжаа авахыг уриалснаас болоод төгрөг аюулд учирлаа. Улсын нийт нөөц тэр үед ердөө тавь гаруйхан сая доллар. Төгрөгийг энэхүү зохиомол хямрал дундуур авч гарахын тулд ганцхан сард Монгол банк 30 сая доллар зарцуулжээ. Эрч хүчээ авч эхэлж байсан Голомт банк ч сүйрлийн ирмэгт ирлээ. Энхбаярынхны гомдлоор цагдаа Голомт банкны ажиллагааг хааж хамаг бичиг баримтыг нь шалгах нэрээр хурааж авав. Банкны гүйлгээ таг зогсжээ. Голомтын залуучууд надад гомдон ганц л зүйл хүсэж байлаа: Энэ новшийн Сэргээн босголт банкаа эргүүлж аваач!


ОУВС буруутав Америк кинонд хэрэгтэн баривчлангуутаа цагдаа "одоо хэлсэн үг болгон чинь шүүхэд өөрийн чинь эсрэг ашиглагдана" гэж хэлдэг. Үүнтэй нэгэн адил хэлсэн тайлбарласан болгон маань хийрхэгчдэд үг болж байлаа. Голомт банк уг нь Хөдөө аж ахуйн банкийг авах гэж байхад нь би ятгаад Сэргээн босголтыг нийлүүлсэн гээд хэлчихсэн чинь Гомбожав, Шаравдорж нар ХАА банкыг дээрэмдэх гэж байхад нь хурц хараандаа өртүүлэн зогсоосон болоод явчив. 2000 оны сонгуулийн үеэр яг ингэж тайлбарлаж "баримтжуулсан" кино хүртэл хийсэн. Олон улсын валютын сангаас зээл авч тэдний зөвлөгөөнөөр хийж байгаа төсөл хэмээн тайлбарлаадахсан чинь гадаадын хорон санаатнуудтай нийлж Монголын улсын хайран банкийг сүйтгэсэн болоод ирлээ. Үнэндээ банк санхүүд хийсэн энэ алхмыг ОУВС болон Дэлхийн банкнаас маш өндрөөр үнэлж байлаа. Тэд 7р сард Улаанбаатарт Төрийн ордны их танхимд өргөн олонтой уулзалт зохион реформыг тайлбарлах гэж оролдсон юм. Дэлхийн банкнаас ирсэн төлөөлөгч нь нигери улсын харьяат хар арьстан эмэгтэй, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нь солонгос хүн байсан нь явсаар арьсны үзэл шовонизмын бай боллоо. Хаа хамаагүй хар авгай, бас нэг хужаа авчирч тархи угаах гэсэн болж хувирав. Хуралд шийдвэр гаргагчдаас хэн ч байсангүй, харин тэдний явуулсан төлөөнийхөн үймүүлж өглөө. Урьд цагдаад ажиллаж байгаад сүүлийн үед сүрхий улс төрч болж яваа Батболд гэгч онцгойрон хурлын уур амьсгалыг тодорхойлж байв. Улаан мөнгөн ус, цагдаагийн хэрэгсэл хувцас хунар нийлүүлэлтээс завшсан асуудал нь сөхөгдөж байсантай л холбоотой болов уу даа (хавсралтыг үз). Дэлхийн банкнаас зохион байгуулж УИХ-ын гишүүдээс аль чанга орилж байгаагаас нь 8 төлөөлөгч шилэн банкны төстэй реформ хийсэн Эстонд аваачиж үзүүлэв. Хөөрхий дөө, тэд маань Балтийн тэнгисийг үзчихээд л ирсэн дээ. Дараахан нь ОУВС, АХБ, Дэлхийн банк тус болгоноос Монголын Засгийн газарт хандан саях банкны мөөржинг (компаниудыг нийлүүлэх) маш зөв алхам болсон гэж дүгнээд үүнээ зогсоож болохгүй талаар зөвлөсөн бичиг явуулсан (хавсралтыг үз). Хариуд нь ОУвС-ын эсрэг хийрхэл дэгдэв. Энэ байгууллага нь баян орнууд ядуу орныг зальдан хоослохын тулд бодлого явуулдаг газар гэнэ. Монгол улс 1990 оноос хойш энэ байгууллагаар амь тэжээгдэж байсан. Эдний хүсэлтээр ДБ, АХБ зээл олгож, эдний хүсэлтээр Япон зэрэг орнууд буцалтгүй тусламж олгож байсан. Үндэсний нийт бүтээгдэхүүний бараг тал нь ОУВС-ийн оролцоотойгоор орж ирэх тусламжаар бүтэж байв. Өнгөрсөн 8 жилд Монгол улс гаднаас бараг нэг тэрбум долларын зээл, мөн хэмжээний буцалтгүй тусламж авчхаад байлаа (хавсралтыг үз). Хэрэв энэ Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд туслаагүй бол коммунизмын сүйрлийн дараах хүндрэлийг Монгол орон давж чадах байсан юм болов уу!? Гэтэл 2000 оны сонгуулийн үеэр "улс орныг тэрбум долларын өрөнд оруулж ОУвС-д хэрхэн чадагдсан" тухай хүчтэй суртал нэвтрүүлэг явуулж билээ. Чухам тэр тэрбум долларыг хоёр саяулаа хувааж идэж байж амь зогоож үлдсэнээ хэн ч санасангүй. Бямбасүрэн, Ганболд, Очирбат, Энхсайхан, Элбэгдорж нар л энэ ард түмнийг хоолоор таслаагүйдээ буруутай гэнэ. Үнэндээ тэд өөрснөө эдгээр олон улсын байгууллагуудын учрыг олдоггүй байсныг хожим мэдээд би ихэд гайхсан. 2000 оны сүүлчээр Улаанбаатарт ирсэн ОУвС-ынхантай муудалцаж хөөж явуулчхаад эднээс холбоогоо таслая гэж шийдэн, хөөрхий Улаан, Очирхүү нар


вашингтон нисэн Дэлхийн банкнаас мөнгө зээлдэхээр очиж байв. Гарын үсэг зурдаг захиралтай нь муудалцчихаад нярваас нь мөнгө нэхээд байгаатай төстэй юм уу даа. ОУвС зохицуулж ДБ, АХБ зээл олгодог, хэрэг ээрээ нэг бодлоготой газар гэдгийг өдий болтол ойлгоогүй явж. Хандивлагчдын уулзалтыг зохиохдоо ч мөн л энэ нь ОУвС-аас зохицуулагддагийг нь мэдэхгүй хуурч хулхидан салангид ярьж, хооронд нь өрсөлдүүлэх гэж оролдож байж билээ. Ер нь ч тэгээд Монголын эдийн засагчдын дийлэнх нь маш олон юм мэддэг, гагцхүү эдийн засгийн ухаанд л тааруу юм билээ л. Засгийн газрын шийдвэр хүчингүй болов Хэдэн жилийн дараа Болгарт сурдаг нэгэн оюутан эдийн засгийн хичээл дээрээ үзсэн сурах бичгээ надад авчирж үзүүлсэн юм. Банк санхүүгийн системд 1998 онд Монголд хийсэн реформыг амжилттай зүйлийн жишээнд оруулж тодотгожээ. Улсын дампуурсан банкийг хувийн банканд нийлүүлснээр хувийн банк салбараа өргөжүүлж, улс ямар ч хохиролгүй үлдсэн төдийгүй бүх банкнууд хувьчлагдаж төрийн арилжааны банк байхгүй болсноор Монголд санхүү банкны асуудлыг нэг мөр цэгцэллээ гэж бичжээ (хавсралтыг үз). Гэвч хэрэг дээрээ эхлэл нь ийм боловч төгсгөл нь өөр байсан юм. Улс хохирдгоороо хохирч 11 сая доллароо төлсөн. Хэрэв банк нийлүүлсэн нь буруу болсон юм бол Засгийн газрын энэ тогтоолыг УИХ цуцлах ёстой. Ингэхгүй бол сэргэж босдог ч үгүй, үхэж сөнөдөг ч үгүй энэ банкны нийгэмд учруулах хор хохирол улам лавшраад байлаа. Харин хийрхэгчдээс хэн нь ч реформыг л буруутгаад байхаас ямар нэг алхам хийхээс цааргалж байв. Тэдэнд орилж хашхичин биеэ тодруулж байх хүсэл байхаас улс орны хохирол хожоо ёстой падгүй. Ингээд зарим хүнээр Засгийн газрын тогтоолыг цуцлуулах хуулийн төсөл өргөн бариулав. Үүнээс үүдэн 11 сая доллар төлөхөөс өөр аргагүй болж байгааг би чуулган дээр олон янзаар тайлбарласан боловч тэд таг чимээгүй сууна. Орой нь Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгч Багабандийн гэрт очлоо. Ачийгаа бүүвэйлээд хайр халамжид умбасан завгүй амьтан. УИХ-ын шийдвэрт хориг тавихыг хүссэн юм. Тэр хориг тавихгүй нь ойлгомжтой. Мэдээж тэр ард түмнийхээ талд зогсож байгаа. нямдорж шиг. Би эхлээд мөөржинг хэрхэн зайлшгүй бөгөөд ашигтай хувилбар байсныг тайлбарлаад үүнийг цуцалснаар улсад ямар хохирол учирч байгааг тайлбарлав. Зүгээр л зарчмын үүднээс. Дараа нь бид хоёр бие бие рүүгээ нэлээд ширүүн үг шидэлцлээ. "Энэ яриагаа битгий мартаарай, хожим өөрөөр битгий тайлбарлаарай, би бичээд авчихсан шүү" гээд тэднийхээс явлаа (хавсралтыг үз). Үүдэн дээр гаргаж өгсөн Тамгын газрын дарга Баярыг би тэвэрч аваад "Миний хүссэнийг хийж байгаагаа та хоёр минь мэдсэнгүй дээ" гэж билээ. Нэгэнт Сэргээн босголт банкийг Голомтоос эргүүлж салгасан болохоор Монгол банкны төлөөлөгч Сэргээн босголтод томилогдон ирээд дор нь бодийг нь хөтөлж орхив. Ингээд тун удалгүй Сэргээн босголт, ХОТШ банкны дампуурсан болохыг Монгол банкнаас УИХ-д мэдээллээ. Сарын өмнө Сэргээн босголтыг цааш ажиллах бүрэн найдвартай гэж зүсэн зүйлээр батлаад байсан Гомбожав тэргүүтэй шалгалтын комиссынхон харин энэ удаа таг дуугүй. ХОТШ-ийн хувьд энд улсын мэдэл 30 гаруйхан хувьтай байлаа. Улсаас 1991 онд


байгуулсан энэ банк Эрдэнэтийн дэргэд байгуулсан даргынх нь хувийн компанийн мэдэлд орсон аж. Сүүлийн үед төрд хоног хоногоор тодрон гарч ирсэн Эрэл хэмээх алтны компани үлдсэнийг нь атгадаг аж. Тэд банк дампуурахын өмнөхөн өөрсдийн хувьцааг салгаж аваад зугтаасан боловч хэн ч "хүүе хаая" гэсэнгүй, хохирлыг нь улс мөнөөх 35 сая долларын зээлээсээ төлөв. ХОТШ банканд 5 сая доллароо алдсан Германы Кредит болон өөр нэг банкны төлөөлөгчид ирж уулзлаа. Тэд алдсан мөнгөнийхөө ердөө 30 хувийг гуйж, чингэсэн тохиолдолд ихээхэн хахууль амлаж байв. Энэ зээлд нь Засгийн газар ч, Монгол банк ч баталгаа гаргаагүй учир Монголын төрд пад байхгүй юм. Зээлийн талаар би судалж үзсэн. Дарханы силикат тоосго, Шарын голын уурхай зэрэгт сая саяар нь зээлсэн байдаг. Гэвч цаадуул нь ийм мөнгө огт аваагүй, зүгээр л бичилт хийлгэсэн гэж гүрийж байв (хавсралтыг үз). Тэгэхээр энэ их мөнгө хаачсан юм бол? Хачирхалтай нь 2002 онд Ерөнхийлөгч Энхбаяр Германд айлчлахдаа Кредит зэрэг банкны 5 сая долларын өрийг 50 хувь хөнгөлж төллөө хэмээн ихээхэн ач буянтай суртал нэвтрүүлэг зохиосон юм. 30 хувийг нь буцааж өгвөл нэмж хахууль өгнө гээд байсан болохоор 50 хувь болгож өсгөхөөр аль зэрэг шан хүртээгээ бол? Гол нь энэ чинь Монголын төрийн өр биш байтал яагаад улсын валютын нөөцөөр төлж байгаа юм бол? Монгол улсын өр тодорхой хэдэн хүмүүсийн идэж уугаад баршгүй ашиг хожоо болох сайхан гарц анх ингэж эхэлсэн түүхтэй. Чех, Словак, Польш улсуудад төлөх өр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Иточу компанид төлөх өр гээд олон сайхан бизнес-луйвар сүүлд нь цуварсан билээ (хавсралтыг үз). Од шүүрэх цаг Тэр үед ямар ч логикгүй байсан хамаагүй дайрч давшилсан болгон үнэн сонсогдож байлаа. Америкийн империализм, намын эсрэг бүлэглэл зэргийн эсрэг явуулдаг байсан МАХн-ын хуучны хүчирхэг үзэл суртлын машиныг Энхбаяр ажиллууллаа. Ийм юмандаа үнэхээр ч гаргууд юм. УИХ-ын чуулганы танхимд хамгийн чанга хашхирдаг нь Содхүү, Улаан, Гомбожав гурав. Улаан бүр хүүхэд шиг орилж, ширээ нүдэж, утга учиргүй чимээ гарган авирлах нь өвчтэй ч юм уу гэмээр. Гадаа гудамжинд бол бүр ч гаажтай. Бошигт хэмээх Ардчилсан холбоог үүсгэгчдийн нэг түрээсэлж байсан дэлгүүрээ ардчиллынхан төрд гарсныг тохиолдуулж үнэгүй хувьчилж авна гэж найдаж байжээ. Харин тэрийг нь түүнд өгөлгүй дуудлагаар хувьчилж орхисон нь Энхбаярыг дэмжих "бослого" гарах далим болов. Ардчиллынхан ялсан сургаар баяжна гэж найдаад талаар болон гомдсон партизанууд болон хэдэн хөгшчүүл цуглуулан хоёр жил шахам үргэлжилсэн "өлсгөлөн" зохион байгуулсан юм. Эрх чөлөөний талбайд жил хэвтсэн тэд банкны шуугианы сургаар тушаал дэвшин Төрийн ордны дэргэд бөөгнөрч хашхичиж гарлаа. Тэд Гончигдорж, Элбэгдорж нарын зургаар барам хийн шатааж бөөлж дөвчигнөж байснаа улам ширүүсэн төрийн цагдаа хутгалж орхив. Төр Энхбаярын гарт байсан учир арга хэмжээ аваагүй дээ. Харин ч тэднийг далдаас санхүүжүүлэн дэвэргэж байв. Азийн эдийн засгийн хямралын энэ хүнд үед Монголд гагцхүү шар хэвлэл дэгжин дэвжиж, хэвлэлтийн тоо нь 300 хувиар өсөж байсан юм. Дожоодорж, Жа. Пүрэв, Цэмбэл гэсэн зохиогчтой гүтгэлгийн номууд хэдэн арван мянгаар хэвлэгдэн хүмүүст үнэгүй тарж байлаа. Хүн болгон чадахаараа од шүүрч байв. Цаг нь мөн л дөө! "Монгол улс төргүй болчихлоо" гэсэн суртал нэвтрүүлэг хамгийн моодны үг болов. 300 жил үнэн хэрэгтээ өөрийн бие даасан төргүй явсан хүмүүсийн үг шүү дээ! Социализмын үед жаргалын орой дээр сууж байтал


ардчилал гэж юм гарч ирээд зовлонгийн ёроолд унагасан гэсэн санааг олон нийтэд төлөвшүүлж гарав. Зовлонд унагагсад нэрээрээ тодорхой. Одоо эднийгээ шоронд хийж шонд дүүжлээд авбал улс орон гольдролдоо орон дахин цэнгэлийн манлайд очно. Хүмүүс юмыг хялбаршуулж ойлгох дуртай, хялбаршуулдаг машин бүхий л эргэлтээрээ эрчимтэй ажиллаж байлаа. нэгэнтээ Гитлер хэлэхдээ "Хийж буй суртал нэвтрүүлэг чинь сонсож буй хүмүүсийн хамгийн тэнэгт нь ойлгогдож байх ёстой, ерөөсөө тэр тэнэг рүү л чиглэгдэх ёстой, гол бай чинь тэр!" гэжээ. "Тамгагүй төр" нийгмийн хамгийн сүүлчийн тэнэгт ч сайхан ойлгомжтой болов. 1990 оноос хойш анх удаа өөрийнхөө үгийг ямар ч жингүй, хүчгүй, цуурайгүй болж байгааг тэгэхэд би үзэж мэдэрсэн юм. Ямар юм болчхоод яах хэрэгтэй учраас юу хийсэн тухай би амаа цангатал ярьж байсан. Бараг л зурагтын нэвтрүүлэгч, сонины сэтгүүлч болохтой шахсан. Хэн ч үл сонсоно. Олон ярилцлага, олон тайлбар, олон өгүүлэл талаар өнгөрсөн. 1999 онд би өөрийн бичсэн эдийн засгийн өгүүллүүдээ эмхтгэн "Алтан гурвалжин" түүвэр хэвлүүлсэн нь нийтдээ 20 хувь борлогдсон. Хүмүүс тайвширсан хойноо ойлгосон биз ээ. Гүтгэлгийн асуудлаар би тухайн үед нь шүүх болон цагдаад хандаж байсан. Шалгалтын комиссын дарга Дэмбэрэл "Энэ бол Гомбожавын хийсэн ажил, тэр үед би хөдөө Дарханд ажлаар явж байсан" гэж мэдүүлж байв. Үнэн сонины сурвалжлагч жа Пүрэв хэмээх миний эцгийн садантай би Цагдаагийн газар таарсан юм. "Баабарыгаа сэтгүүлч бид чинь их шүтэж хайрладаг юм шүү дээ" гээд урдаас балайраад сууж байдаг байгаа. "Хэрэв би улсаас нэг төгрөг завшсан бол нэг жил, арван төгрөг хулуусан бол 10 жил шоронд сууя" гэсэн миний учирлал хэний ч чихэнд наалдсангүй. Ор залгагчгүй огцорсон засаг Энхбаяр элсний 13 бүлгийн тусламжтайгаар Элбэгдоржийн Засгийн газрыг түлхэн унагалаа. Зорилго биелэгдсэн учир Үндсэн хуулийн цэц дахин хуралдаж УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар сайдын алба хашиж болохгүй гэсэн шийдвэр 1998 оны 10 дугаар сарын 23-нд гаргав. Энэ шийдвэрийн өмнө Ерөнхий сайдад хүний нэр дэвшүүлээд Ерөнхийлөгч дээр орохоор Үндсэн хуулийн "зөвшинө" гэсэн үгээр гул барин хориглож байлаа. Хэрэв парламентын тогтолцоотой юм бол парламент Засгийн газраа өөрөө бүрдүүлэн томилох ёстой, Ерөнхийлөгч зөвхөн Үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар өөрийн санал дүгнэлтийг хэлэх эрхтэй юм. Үндсэн хуулийн логик энэ. Гэтэл Багабанди нь үүний өмнөхөн солигдсон Эрдэнэт үйлдвэрийн дарга Отгонбилэгийг эргүүлж тавих шаардлага тавиад эс зөвшөөрвөл Ерөнхий сайд болох хүнийг мөн эс зөвшөөрөх гаргууд тоглоом зохион байгууллаа. Энэ хооронд Да. Ганболдын нэрийг 7 удаа, Ганхуяг, Бат-Үүл нарын нэрийг тус бүр нэг удаа оруулж саналыг нь авсан юм. Сүүлдээ Багабанди Ерөнхий сайдад "тэнцэх" хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өөртөө таалагдсан байдлаар гаргаж ирэхдээ тулсан. Төрийн машиныг гацаах тоглоом болж хувирлаа. "Отгонбилэгийг эргүүлж тавихгүй бол шинэ Ерөнхий сайдтай болно гэдэг гонж" гэж тэр үзэж байтал нөгөө талаас Энхбаяр чухам ийм юм болох вий гэж айн бүхий л аргаа хэрэглэн шийдвэрийг хэвээр үлдээхээр зүтгэнэ. Хэдийгээр Багабанди Энхбаяр нар хоорондоо үхэн хатан тэмцэлдэж байсан боловч Төрийн машин гацаах нээлт бол хувь заяаны шоглоомоор энэ


хоёр хүний хамтын бүтээл юм. Анхдагчид! Энхбаяр Элбэгдоржтой тун ойр шадарлаж байлаа. Хоёул нялх хүүхэдтэй болсон, аль алин нь өвдөхөд эмнэлэгт нэг тасагт хамт сахиж байв. Өдөр шөнөгүй нэг өрөөнд хамт. Багабандийн хорон тоглоом энэ хоёрыг эвлэрүүлсэн болов уу. Үнэхээр ч Отгонбилэг эргэж гарч ирж Багабандитай хавсайдвал Энхбаяр сүйрэх байлаа. Түүний найдлага энэ үед ганцхан Элбэгдорж л байсан байх. Яг үнэнийг хэлэхэд энэ үеэс Монгол улс эцсийн шийд гаргагч ганц хүнтэй болсон нь сөрөг хүчний намын дарга Энхбаяр байлаа. Төрийн ямар ч шийдвэр Энхбаярын зөвшөөрөлгүйгээр зөвхөн оролдлого төдий л хоцорно. Түүний албан өрөөний үүдэнд урт оочир үүсэж, түүнтэй уулзаж асуудлаа шийдэх нь хүн бүрийн хүсэл боллоо. Эвслийн бүлгийн хурал дээр ямар ч асуудал хэлэлцсэн шийдэлд хүрнэ гэж байхгүй эцэст нь Энхбаяр дээр очиж байж нэг талдаа гарна. "Элсний 13" бүлгийн ахлагч До. Ганболд өөрийн намын хурал дээр юу хэлэлцсэн тухай очиж тайлагнаад яавал дээр тухай зөвлөлдөнө. Хожим Нямдорж "Энэ өөдгүй амьтан бидэнд үйлчилж байсан болохоор нь тэсээд өнгөрдөг байж билээ, түүнээс өөрснийхнийгөө хорлож явдаг ийм урвагч шаарт би угаасаа дургүй" гэж ярьж байсан. Тэнэгдүү боловч зарчим баримталдаг хүний үг. Чухам тэгж гүйсний ачаар До. Ганболд УИХ-ын дэд даргын суудал эзэмшигч болж билээ. Түүнийг Элсний 13 хуралдаад Ерөнхий сайдад дэвшүүлж байв. Харин шийдвэрийг намын дарга Элбэгдоржид хүргэж өгөх учиртай Батцэрэг замдаа бичиг дээрх нэрийг засан өөрийгөө тавьчхаад "намын дарга та итгэл хүлээлгэвэл миний бие Ерөнхий сайд болоход бэлэн" гэсээр давхиж очсон байдаг. Урвасны шанд Байнгын хороон дарга болсон нь багадаад байж! Төрийн яам, агентлагууд ажиллах механизмаа гээлээ. Албан газар болгонд "эвслийн шааруудын эсрэг" оппозиц буй болон ажил нурааж, сүйтгэж, үл биелүүлж буй амжилтаа Энхбаярт очиж тайлагнах гэж яарна. Хэдий чинээ төрийн механизмыг гацаана, шинэ сонгуулийн дараа төдий чинээ дэвшинэ гэсэн ойлголт түгээмэл болжээ. Тэр үед төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 60 гаруй хувь нь МАХН-д хамаарч байлаа. Эвслийн Засгийн газар буй болонгуут ажлаасаа халагдахаас айн махнист гэдгээ нууж ардчилсан хүчнийг байнга хөнжил дотроо дэмжиж байснаа гайхагсад одоо илт сэргэн хулгайч дээрэмчдийн эсрэг эх орон нам хүчнээ хамгаалагч шударга иргэдийн дүрд хувирлаа. Шударга шударга бусдаа биш, шидсэн бумеранг эргэж толгойг нь ононо гэж ойлгосон Энхбаяр 2000 онд засагт гаруутаа МАХн-д хамаараагүй болгоныг үлдэгдэлгүй халж төрийн байгууллагыг жинхэнэ үзэл суртлын оромж болгон хувиргасан билээ. Тэрээр төрийн мэргэшсэн 15 мянган ажилтныг бараг нэг амьсгаагаар ажлаас нь халж х өөн зайлуулсан. Ардчиллын найз нөхдөө муулж матаж урвасан этгээдүүдийн хэн нь ч үлдэж чадсангүй мөн л хөөгдсөн. Тэр үед хүмүүс Энхбаярыг мэддэггүй байлаа. Бүх хамтрагчдаа эргэж устгадаг Гитлер, Сталин, Мао маягийн арга барилтай хүн Монголын төрийн жолоонд гарч ирж байгааг хэн ч төсөөлсөнгүй. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд зөвхөн Энхбаярт үйлчилж, эрх баригчдын ажлыг унагах, тагнах, хов зөөхөөрөө гавьяагаа үнэлүүлэх болов. Энэхүү увайгүй үйлдлийнхээ төлөө Бямбацэрэн Статистикийн дарга, Долгор УИХ-ын гишүүн гэх мэтээр үүрэгт ажлаа хорлов гэж шагнуулсан тамгын ажилтнууд цөөнгүй. Эрх мэдэл хаанаас хаашаа шилжиж байгаа, хэн бялуу хуваах нь нэгэнт тодорхой боллоо. Адгийн шаарууд амаараа нэг хов гүтгэлэгтэй, байгаагаа хармаалсаар Энхбаярыг тойрон бүчиж байлаа. Улс орныг шинэ зуун гаруут тонох


дээрэмчид хуралдан бөөгнөрнө. Эвслийнхэн хэрхэн их идэж ууж байгааг ярих тусам түүндээ өөрсдөө үнэмшин, хожим хулгайлах тонох дээрэмдэх ажиллагаагаа өөртөө зөвтгөх шалтгааны шаваа тавьж байв. Хулгайчид ч шалтгаан хэрэгтэй! Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг нь эзэмшдэг Оросын засгийн газар дарга солигдож халагдсан талаар ямар бодолтойг тандуулахаар Дэд бүтцийн сайд Зоригийг 9-р сарын дундуур Москва руу илгээлээ. Тэрээр Италийн Триер хот орж динозаврын үзэсгэлэн гаргах асуудлаар палеонтологич Барсболдын хүсэлтээр хүү Дэнзэнг нь дагуулан явлаа. Эргэх замдаа тэр хоёр Москвад хэд хоносон. Хувийн болсон Зарубежцветметалл компанид Эрдэнэтийг хувьчилжээ. Энэ тухай үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Монголын талд огт мэдэгдээгүй байв.


МУУРЫН ОТОО Парламент гэдэг нь парлэ гэсэн франц үгээс гаралтай. (Парлэ вю фронсэ?) Энэ нь ярилцах гэсэн утгатай. Маргах, хэрэлдэх, хэлэлцэх, санал солилцох, мэтгэлцэх гээд дуртайгаараа орчуулж болно. Зодолдох гэсэн утгатайг ч өнөөгийн нэг бус парламент харуулдаг. Юутай ч ганц хүн мэтгэлцэж, ярилцдаггүй болохоор олон хүний цуглаан гэсэн давхар санаа байна. Мэдээж нэгэн утгатай шийдвэр гаргахын тулд хоорондоо маргалдаж хэлэлцэж байгаа. Хүний түүхийн ихэнхэд төрийн шийдвэрийг ганц хүн л дур мэдэн гаргадаг байжээ. Шийдвэр гаргагчийг хаан, эмир, фараон, император, царь, хуанди, султан гээд газар бүр янз бүрээр нэрлэнэ. Харин олуулаа нийлээд ярилцаж маргаж хэрэлдэж байгаад олонхын саналаар шийдвэр гаргадаг байгууллагыг францчууд бодож олсон гэж үзээд "парламент" гэсэн өөрийн нэрийг өгч дэлгэрүүлэн хэвшүүлсэн байна. Яс юман дээрээ тулбал тэднээс өмнө англичууд парламенттай байсан. Эртний Ромд "сэнат" гэж шийдвэр гаргагч байгууллага байлаа. Түүнээс өмнө герегчүүд хотынхоо захад гарч байгаад ард түмнээрээ хэлэлцэн шийдвэр гаргадаг байснаа аяндаа багтахаа болиод хэсэг бүлгийг төлөөлсөн хүмүүс амфитеатрт цуглан маргаж мэтгэлцдэг болсон байна. Аристотелийн Улстөр, Платоны Бүгд найрамдах төр зохиолууд ч анхны энэ оролдлогуудын үр дүн болон бүтээгдсэн аж. Олон хүн нийлж шийдвэр гаргаж байгаад дарангуйлагч л дургүйцдэг. Олуулаа нийлж шийдвэр гаргах нь хэрэлдэж муудалцах муу талтай байдаг ч энэ нь ядахнаа ганц хүн биш нэлээд олон хүн нийлж ард түмний өмнөөс шийдвэр гаргаж байгаагаараа илүү шударга юм. Дарангуйлагч ганцаараа шийдвэр гаргах гэхээр гол саад нь парламент. Яагаад гэвэл урдаас нь парлэ гээд хэрэлдээд унана. Юлий Цэзарийг хутгалж алсан Брутийг буруутгадаг. Гэхдээ Цэзарь сэнатын өмнөөс ганцаар шийдвэр гаргадаг байсан нь ийм арга ядсан үйлдэлд хүргэжээ. Харин Кромвэль эзэн хааныг ард түмний нэрийн өмнөөс яллаж парламентын ялалтыг тогтоож байв. Парламент бол хүн төрөлхтний нийгмийн дэвшилд гарсан маш том ололт юм. Гэхдээ төлөвшөөгүй ард түмэнд төдий л ойлгогддоггүй. Энгийн хийцтэй тархинд хааны зарлиг маш ойлгомжтой. Харин олон хүн тэгнэ ингэнэ гээд хоорондоо хэрэлдээд унахаар маш хурдан залхдаг. Иймээс ч манайд УИХыг хоорондоо хэрэлддэг гэж хамгийн их шүүмжилдэг. Ийм шүүмжлэл XIX зууны нялх парламентын үед "ард түмнээс" маш их гардаг байжээ. Зуу гаруй жилийн хоцрогдолтой л байна даа, бид! Ард түмний дургүйцлийг хүлээн авч онолын хэмжээнд шүүмжлэн "бут ниргэсэн" анхны хүн нь Карл Маркс. Тэрээр төр байхгүй болох арга замыг зааж, ардчилалд "хөрөнгөтний ардчилал" гэдэг хоч өгсөн хүн. Марксын онолыг хамгийн түрүүн амьдралд шүүрэн авч хэрэгжүүлэгч нь Италийн социалист Муссолини байлаа. Дэлхийн дайн, эдийн засгийн хямралаас болоод италичууд парламентаас залхчхаад байв. Сонгуулиар хэн ч ялж чаддаггүй. Олон намуудын хэн нь ч ядахнаа 30 хувийн санал авч дөнгөдөггүй ээ. Ингэхээр шийдвэр гарч чадахаа болино. Ийм үед хуулиндаа өөрчлөлт оруулан гарцаа олдог. Харин италичууд Муссолинийн дэвшүүлсэн хялбар хавханд орж орхив. Хэн 30 хувь авч чадна тэр нь бүрэн ноёлоно гэсэн хувилбар. Христосын намын дарга Сарлони энэ саналыг уухайн тас дэмжив. Өөрөө 30 хувь авч чадна гэж бодсон хэрэг. Ингэснээр ардчиллын үндсэн зарчмаас ухарч байгаагаа ч ойлгосонгүй. Төмөр мэт сахилга


баттай муссолинчууд яаж ийж байгаад өнөөх шидэт 30 хувийг нь шүүрч орхив. Дараа нь яахав дээ, бүх эрхийг авсан Муссолини парламентыг хорт хавдартай зүйрлэж хөөн тараагаад өөрийгөө Дүчэ буюу цорын ганц удирдагчаар зарлав. Италийн ард түмэн уухайлан дэмжлээ. Хэрүүлийн бузар болсон парламент сөнөтүгэй, италичуудыг жаргаах төөрөгтэй манай Дүчэ мандтугай! Муссолини намаа фашист гэж шинээр нэрлэх болсон ба Итали орныг ардчилал гэх мэтийн заваан юмтай дахин хутгахгүй гэж ард түмэндээ тангараглав. Улс орныг Юлий Цэзарь маягаар удирдаж эртний Ромын төр барих ёсыг сэргээх гэнэ. Түүнийг уухайлан дэмжсэн ард түмэн хожим үүнийхээ төлөө асар их үнэ төлсөн дөө. Хожимдсон гэмшил нь Муссолиниг хөлөөр нь дүүжилж алаад тойрч бүжиглэснээр дууссан. Муссолиниг шүтдэг байсан бас нэг социалист болох Ленин мөн л парламентыг үзэн ядна. Дайны үед большевикууд Төрийн Думд цөөнгүй суудалтай байжээ. Ирц бүрдүүлэхгүй бойкотлох замаар Оросын төрийг байнга гацаанд оруулахыг Ленин гадаадаас зөвлөнө. Дэлхийн дайн эхэлсэн хүнд ширүүн үед Оросын нялх ардчилал хэдэн сар жилээр гацаанд орно. Большевикууд энэхүү үүсгэж буй гацаандаа зүүн эсэр зэрэг демагог маягийн жижиг намуудыг ашиглан хамсаатан болгож байв. 2-р сарын хувьсгалын дараа ч Дум улам их гацдаг болж байнгын түгжрэлд таг суух болов. Улс орон эзгүйдэж, шийдвэр гаргагчгүй болсон энэ жолоодлогогүй байдлыг Ленин далимдуулан төрийн эргэлт хийсэн юм. Уур нь хүрээд нэрлэж ч чаддаггүй "хөрөнгөтний ардчилал" гэгчийгээ устгасны дараахан хөөрхий зүүн эсэрчүүдийг ч толгой дараалан хядсан. Орос орон парламентыг гацааж хүчгүйдүүлснийхээ шанг далан жилийн хугацаанд 100 сая хүний амиар төлжээ. 2001 онд Орос орон анх удаа 1913 оныхоо хэмжээнд ургац авч хөөр болж байв. Эдийн засаг нь хүртэл ингэж доройтсон гэсэн үг. Харин бахархал нь зэвсэг байлаа. "Модон анжистай Оросыг атомын бөмбөгтэй болгосон хүн" гэж Чөрчилл мань Сталиныг үнэлсэн байдаг. Харин зэвсгийг иддэггүй юм билээ. Германы ажилчны социалист намын удирдагч Гитлер бол ёстой новш! Дэлхийн дайн, эдийн засгийн хямралд тамирдсан ардчилсан төрт Германыг сайхан балласан даа. Бүр ардчилсан сонгуулиар шүү. Одоо манайд их дуулдах болсон сонсоход эх оронч боловч цаанаа логик муутай уриа лоозонг харамгүй цацаж илбэтэй хүн шиг гайхамшгийг амласаар 1932 онд сонгуулиар парламентын гуравны нэг суудлыг авч дөнгөв. Ингээд л бойкотолж эхэлсэн дээ. Байнга хурал хаяастай. Ерөнхийлөгч Хиндэнбүрг олонхын бүлгийн фон Паппэнийг канцлераар томилсныг эсэргүүцэж хурлыг огт хөдөлгөхгүй болгов. Ингээд 1933 онд дахин сонгууль явуулахад тэд ялж орхив. Ерөнхий сайдын суудал дээр баттай суух гэсэн Паппэн хямралын галд тос болсон юм. Харин ялсан Гитлер парламентыг Германд ерөөс тохирохгүй гэж зарлаад сөрөг хүчний гишүүдийг хорих лагерь руу илгээжээ. Үүний өмнө нээрээ намынхаа байрыг өөрснөө шатаасан байдаг байхаа. Бурууг нь сөрөг хүчинд тохоод ардчилал Герман хоёр нэг гэрт багтахгүйн жишээ болгосон юм. нацизм Германы албан ёсны суртал, баримжаа, зам мөр боллоо. Харин ороолонгийн эсрэг хүн төрөлхтөн хамтран босож 60 сая хүний төрөлхтөн үүнээс дээр арга хараахан олоогүй л байна" гэж хэлжээ. Хагас үнэн, хагас бахархал, хагас егөө! Харин энэ сул талыг нь дэвэргэж, нийгмийн ухамсар төлөвшөөгүй газарт дарангуйлагчид өөрийн муу санаагаа хэрэгжүүлж байв. Италийн фашизм, Оросын большевизм, Германы нацизм үүний сонгомол жишээнүүд. Гэхдээ дээрх жишээнээс харахад дарангуйлагчид ард түмний дэмжлэг авахаас гадна парламентаризмыг дэмжигчдээс ч туслалцаа дэмжлэг авч байжээ. Муссолинид Христосын намын дарга, Ленинд зүүн эсэрүүд, харин Гитлерт барууны намын фон Паппэн тусалсан байна. Хожмын үр дүнг харж чадахгүй


харалган загнасны гай. Дарангуйлагч болох хүсэлтэн болгон парламентын өөрийнх нь хямралыг отож суудаг. Гол төлөв хямралыг өөрийн "гоц сонин" хувилбар саналаар баяжуулан өдөөн хатгаж улам хурцатгана. Учир нь ингэсээр өөрийн цаг ирнэ гэдгийг сайн мэдэж байдаг. Өнөөгийн төлөвшсөн өрнийн нийгэмд ийм юм давтагдахгүй. Харин моод Монголоор дуусна гэгчээр шинэ залуу ардчилалтай Африк, Ази, Латин Америкийн орнуудад ижил утгатай шинэ хэлбэртэй загварууд нь байнга гарсаар. Юутай ч Муссолини, Ленин, Гитлер нар нь анхдагчийн хувьд, хүн төрөлхтөнд гашуун сургамж үлдээсний хувьд, хөгжингүй ертөнцийн төлөөлөгчийн хувьд, үлдээсэн гай гамшгийн цар хүрээний хувьд түүхэнд үлдэхүйц "том" хүмүүс. Харин өнөөгийн африк түрүүч, латинос генерал, азийн улстөрч гэгчид бол хөгийн дуураймал жинс. Ингэснээрээ хоцрогдлын бэлгэдлүүд. Гэхдээ дур эзнээ голдоггүй шүү дээ. Саяхан манай Ерөнхийлөгч чуулган дээр "маргаан гараад байгаа тойргуудын дахин сонгуулийг надад хариуцуулчих" гэж авдаг байгаа. Тэр л дутаж! Парламент гацна гэдэг хэрүүл юунаас ч үүссэн бай дарангуйлагч болох хүсэлтэд л тусалдаг. Тэр байтугай шударга үнэний төлөө байлаа ч бойкотонд орсон парламент "парлэ" байхгүй болж дураа голдоггүй шаарын гарт л ороод ирнэ дээ. Хуучны өрнө, өнөөгийн африк үүнийг хөдөлбөргүй нотолсон. Иймээс юутай ч хамгийн ардчилсан гэж тооцогддог либералууд ч ямар ч тохиолдолд парламентыг гацаахыг илт эсэргүүцдэг ажгуу. Манай парламентыг гацааж байгаа өнөөгийн учир жанцан 76 шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь спикерийн суудал. Өрсөлдөгч нараа түүж аваад өрсөлдөөнөөс гадуур байлгах гэсэн муу арга. Хоёрдугаар том шалтгаан нөгөө талаас гаралтай. "Би л орж чадахгүй бол хэн ч орохгүй. Би орж байж л бусад нь эрхээ эдэлнэ". Иймээс ширээний кандидаттай нийлчхэж байгаа юм. Эзэд нь танигдаж байгаа биз? Бусад нь ичсэндээ, нэрэлхсэндээ, хорссондоо, өөрийн эрхгүй эв саналаа нэгтгэсэндээ гэх мэтийн жижиг сажиг шалтгаантай. Юутай ч зарчмаа баримталж буй нь цөөхөн л байх шиг. "Алив зүйлд хариулт олдохгүй бол үндсэн зарчмаа барь". Хэн хэллээ дээ, энэ уг нь их сайхан үг. Хулганууд үүрэндээ зодолдож л бай. Муу тусмаа сайн. Үүрэндээ багтахаа болино оо, гайгүй. Үүдэн дээр нь муур сууж байна. Хулгана барьсан муурыг магтдаг биз дээ? "Ямар өнгөтэй нь яахав, хулгана л барьж байвал боллоо" гэж нэг онолч нь хэлсэн. Тээр жил Тэнгэрийн амгалангийн талбайд мөн ч олон хулгана барьсан даа!


ИЙМЭРХҮҮ Л ЮМ БОЛСОН ЮМ ДАА Зэмэксисийн "Форест Гамп" киног үзсэн үү? вьетнамын дайнд гавьяа байгуулсан Гамп вашингтонд очиж Ерөнхийлөгчөөс одон гардаж авна. нийслэл хотоо сонирхож явсан тэрээр дайныг эсэргүүцсэн том цуглаанд санаандгүй ороод явчихна. Цуглаан зохион байгуулагч дайны баатар Гампаар үг хэлүүлэхээр болно. Би та нарт нэг болсон явдал ярьж өгье хэмээн үгээ эхэлж байх үед нь нэг генерал хамаг микрофоныг нь салгаад хаячихдаг. Хэдэн зуун мянган хүний өмнө байлдагч Гамп микрофонгүйгээр юу яриад өнгөрснийг хэн ч сонссонгүй, ойлгосонгүй. Цуглаан зохион байгуулагчид микрофон чанга яригчийг эргэж ажиллуулах гэж мунгинасаар арайхийж залгатал Гамп, За нэг иймэрхүү л юм болсон юм даа гээд үгээ төгсгөж байлаа. Шинэ он гаруут Монголын Засгийн газар гэнэтхэн онхолдоод явчихлаа. Юу болов гэмээр дунгуй хадаад л явчих нь тэр. Энэ тухай Форест Гамп юу өгүүлэв? Микрофон тасраад нэмэр дээр нь хүмүүс орилолдоод юу болоод өнгөрснийг хүмүүсийн ихэнх нь сайн ойлгосонгүй ч үгүй, сонссон ч үгүй.. Кино зохиолыг бичиж, найруулсан Энхбаяр олон алдаа гаргасан учир тоглож буй Гамп байтугай дэглэгч өөрөө ойлгохоо больчихлоо. Кино сценари ингэж эхэлжээ. 2004 оны сонгуулийг Энхбаяр Төрөө улам хямрааж, түмнээ улам ядууруулсан их амжилтаар угтсан юм. Тэрээр төрөлх намдаа ч, түмэн олондоо ч нэг хүний дарангуйлал тогтоох гэж хэт улайрсан боловч мянган жил эрх чөлөөтэй явсан нүүдэлчдийн удам хүлээж авсангүй, Маогийн шальгүй хуулбар түүнийг ширээнээсээ гулсангуут харин ч урьд байснаасаа дордсоноо харуулж эхэллээ. Тэр одоо Ерөнхийлөгч болсон. "Монголчууд Эв-тэй байхдаа хүчтэй" гэсэн үл ойлгогдох оньсгон лоозон тавьсаар байгаад гарч ирсэн. Эв гэдэг нь ЭнхBayar гэсэн үг бололтой. Харин сонгуулийн дараа түүний өрсөлдөгчийн "авилгачдыг цээрлүүлнэ", "эх орны баялгийг иргэд тэнцүү эзэмшинэ" уриа нийтийг хамарлаа. Ингээд эвслийн Засгийн газрыг унагах бодит зайлшгүй хэд хэдэн шалтгаан түүнд буй болсон юм. 1. Хэдийгээр хожим Ч. Улаан өөрийн харьяаллаар далимдуулан өөртөө өмчлөөд авчихсан боловч үнэндээ гаалийн Баатар бол түүнийг аль намын бүлгийн дарга байх үеийнх нь гарын нарийн. Зүтгэлийг нь үнэлж өөрөө түүнийг гаалиар шагнасан юм. Мянганы замын их дээрэмчин Буд, Улаанбаатарын ноймор нэг помещик Бадамжунай гээд Баатарын араас явах хуулийн нормоо хэдийнээ давуулан биелүүлсэн луйварчид бүгд түүний гарын бүтээл. Эдний хэн нь ч Иудай. Аврагч түүнийг 30 мөнгөн зоосоор эргэлзэх юмгүй зарж орхино. Ингээд үлдсэн амьдралаа эрх чөлөөний Куба арлын зүүн эрэг дээр "Гуантана мираа" гээд дуулаад сууж өнгөрөөх болбол яана! Ингэхээр нэгэнт эрчээ авч эхэлж буй ангуучлалыг ямар ч үнээр хамаагүй зогсоож олны анхаарлыг өөр зүгт хандуулах ёстой. 2. Монголын түүхэнд гэгээтэй үлдэх боломжоо Ерөнхий сайд байхдаа алдсан. Дарангуйлагчийн бүтэлгүй хуулбар, МАХнын толгойг залгигч, хээл хахуулийн төрүүлсэн ориг эцэг гээд гарцаагүй үлдэх нотолгоотой хочууд нь хэдийнээ бэлэн болсон. Хэдийгээр


өөрөө энэ бүхнээ газрын шүүхээр биш тэнгэрийн шүүхээр оруулж үнэнийг тогтооно гэж заалдаж буй боловч тэнд очоод ч цагаадна гэдэг магадлал нойль! Газар дээр цагаадах сүүлчийн боломж нь Ерөнхийлөгчийн нэрээр Монголын гадаад харилцааг сайхан болгох. Хэн ч үгүй ч гээгүй, тийм үү ч гээгүй байхад "Бушийг би авгайтайгаа нийлж урьж авчраад шүтүүлээд гарсан" гээд үглээд салдаггүй. Ерөнхий сайд байхдаа улсын 70 мянган доллароор зуучлуулж байж гар барин хамт зургаа татуулсан Буш нь шинэ Ерөнхий сайдыг урьсан төдийгүй өөрийнх нь нэрийг нь ч сонсоогүй олон бизнесүүдтэй уулзуулах цагийн хуваарь гаргаад явуулчихжээ.1990 онд Да. Ганболдыг ганц удаа урьсан Давосын хурал хоёр дахь удаад Монголоос Элбэгдоржийг урьж орхижээ. Сүүлийн 15 жилд донорын цус л цутгадаг Япон анх удаа хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Энэ болгоныг тасар татахгүй юм бол ямар юмных нь Чингисийн хүргэн байх вэ дээ. Ингээд Засгийн газрыг огцруулах нь огцруулаад авлаа. Гэтэл том алдаа гаргажээ. Шинэ Засгийн бүрэлдэхүүнд хэн хэн орно гэнэ ээ? Эрдэнэбат тэргүүтэй Эрэл компани – энэ бол эргэлзээгүй Багабандийнхан. Энхсайхан тэргүүтэй Ан-ын сөрөг фракц -дахиад Багабандитай холбоотой, өнөө гайхал Гүндалай – Багабанди эхнэртэй нь утсаар ярьсан асуудлаар мань хүн өөрөө нөхөр нь биш байж жил хардаж гүйсэн. Энэ Энхболд гэдэг нөхөр ч цагтаа Багаад сайн байж аавдаа цол өгүүлж байсан, аягүй бол эргээд 30 мөнгөн зоосоор зарж орхино. Багабандийн Санж Баяр нарийн бичгээрээ далимдуулж МАХн нэрээр хэчнээн тагнуул ч шургуулах юм билээ. Алджээ! Эртний өст Багаад амьдаараа өвчүүллээ л дээ! Ингээд кино зураг авалт дундуур зохиолдоо засвар оруулж өөрчиллөө. Гэнэт суудал дээрээ эргэн шинэ Ерөнхий сайдыг хүлээж авахгүй гээд гэдийчхэв. "Үндэсний эв нэгдлийн Засгийн газар" гэсэн афоризм зохиолоо. Сонгуулийн дараах эвслийн засгийн газраас ганцхан ялгаа бий нь тэгэхэд тоогоогүй жагаагаа энэ удаа урьжээ. Гончигоо, Оюун хоёр энэ Эв-д орохгүй гээд гэдийчихлээ. Гэвч Монголд 30 мөнгөн зоосоор хэн нь ч хэнийгээ зардаг гэдгийг ийм наймаа олон жил эрхэлсэн хүний хувьд анддаггүй тэрээр албан тушаалгүй удаж гуриатан голдоо ортол гомдсон Гончигоог үлдээн дүү нарыг нь нэг нэгээр нь дуудаж 30 мөнгөн зоос амлалаа. Амлах бол түүний мэргэшил. Чухам ингэж өөрийн багийг бүрдүүлдэг юм. Өнөөдөр түүний үнэнч цэргүүд, харин маргааш бол түүнд хаягдах шоронгийн хоригдлууд! Өнөөдөртөө арай цадаж амжаагүй өлөнгүүд, маргааш хоолондоо хордох хүнд өвчтөнүүд. Энхбаяр эднийг сайн мэднэ. Ийнхүү шинэ баг бүрдэхэд бэлэн боллоо. Түүний зангаагаар хоёр дугаар ээлжийнхэн тогоо тавгаа хангинуулсаар хоолондоо орохоор ирцгээв. Гүтэн аппетит!


Терминатор-4 Назарбаев хүргэнээрээ гал тахиж байна. Ажлаас нь халлаа, цагдаагаар мөрдүүллээ, гэрийг нь нэгжүүллээ, үүндээ олон улсын хамтын ажиллагааг татан оролцуулж Интерполоор хайлгаж байна. Одоо Казахстаны ард түмэн удирдагчаа улам хайрлана. Яагаад гэвэл ийм л шударга хүн. Шударга үнэний төлөө хамгийн ойр хүнээ ч хайрлахгүй байна. Өөрөөр хэлбэл Казахстанд шударга үнэний шүүх ажиллаж байна. Хүргэн авилгач уу -авилгач, улс төрийн хутгуур уу – хутгуур, гэмт хэрэгтэн үү– хэрэгтэн. Ард түмэн эзний хүргэн болохоор л яаж ч чаддаггүй байсан болохоос битүүдээ дургүй, энэ талаар хоорондоо сэм ярилцдаг байжээ. Гэтэл тэнгэр өөрөө ниргэж орхив. Мөнхийн Ерөнхийлөгч назарбаев мандтугай! Шударга үнэний төлөө юугаа ч үл хайрладаг ийм удирдагчтай байх шиг аз жаргал ард түмэнд бий гэж үү! Алив дарангуйлагч болгон ойртоход аймаар хүмүүс байдаг. Хэнийг ч зольж чаддаг учраас тэд дарангуйлагч болж чаддаг. Саддам Хусэйн өөрийн даварсан хүү Удайгаар боодог хийж байв. Ард түмэн бодохдоо Удайг залгамжлагч болох нь гэж айж байтал гэнэт эцэгтээ хуниулдаг байх шүү. Удайтай байснаас Саддам хамаагүй дээр, иймээс Саддам улам мандтугай! Баттай эх сурвалжийн олж тогтоосноор Удайг машинд нь дэлбэлж хөлгүй болгодог ажиллагааг аав нь өөрөө зохион байгуулсан гэдэг. Сталин өөрийн хамгийн ойр шадар туслахуудынхаа эхнэрүүдийг барьж аваад гянданд хийж орхисон билээ. Калинин, Молотов, Буденин нар эхнэрээ, Хрущев, Каганович хүүхдээ Гулаг шоронд үджээ. Өвгөн Калинин эхнэрээ суллаж өгөөч хэмээн өдөр болгон уйлагнан гуйна. Өөрийн болон эхнэрийн хамаг садангаа бүгдийг нь шоронд хийчихсэн Сталин шударга үнэний тулд өөрөө хүртэл золиос болж байгаагаа ярин амыг нь таглана. Том хүү Яков нь эцгийнхээ ард түмэндээ улам их хайрлагдах гэсэн хүслийнх нь золиос болсон билээ. Ийм жишээ дэндүү түгээмэл. Гитлер, Маогоос эхлээд адгийн Амин, Бокассо хүртэл орчноо зоригтой зольж байж л ард түмэндээ үнэлэгдэж байв. Манай Энхбаяр Ерөнхий сайд болуутаа Соёлын сайд байхад нь дэргэд нь даамлыг нь хийж явсан туслах Анандбазар гэгчийг луйварчнаар зарлаж, олонд сэрэмжлүүлэг айлдаж байлаа. Соёл хариуцсан сайд маань хажуудаа "Их долоо" гэсэн амбицтай нэр бүхий бизнесийн бүлэг байгуулж байсан. Ерөнхий болонгуутаа долоогийн нэг Цагаан Шонхорыг шоронд хийхээс ажлаа эхлэв. Дараа нь бас нэг хамтрагч Буян жаргалсайхан нь ямархуу луйварчин хулгайч болох тухай маш нарийвчлал бүхий тайлбарыг сайн мэддэг хүний хувьд ард түмэндээ тайлагнаж нэр дэвших хүслийг нь хяслан болгож өглөө. жагааг даруулсан нөхрийг хожим шоронд хүргэсэн ба эх сурвалжуудын өгүүлж буйгаар хамаг баримтыг нь өөрийн сейфнээс гаргаж өгсөн гэх. Мөрөөрөө мангартаад явж байсан Энхболдыг нисэхгүй гээд байхад нь нис нис гэж чирч гаргаж шидчихээд одоо өндөрт гарсан хойно нь далавчийг нь тайрч хаях гээд хайч барин хөөцөлдөж явааг нь бүгдээр нүднээ ил харж байна. Бодвол цаадах нь тэр болгон үгэнд нь орохгүй байгаа юм болов уу даа. Ер нь ч МАХН-ын аппарат толгой тайрдаг гильтон болчихсон гэдгийг тэр холоос зөөгдөж ирсэн мань хүн яаж мэдэх билээ. Өндрөөс унавал үхэж таарна биз дээ, тэгэхээр эцэст нь алах гэж дээш нь шиджээ дээ? Улааны тухай их ярьж бичих боллоо, энэхүү олдох бололцоогүй нарийн материал баримт хэнээс гарч хэвлэл, цагдаа прокурорт очоод байна? Шоронд орвол


өнгөрөө биз дээ, тэгэхээр эцэст нь төхөөрөх гэж авилгын хорт хоолоор тэжээгээд байжээ дээ? Барын аманд толгойгоо хавчуулчихсан нямдорж хий л хөлөө савчин тааралдсанаа тангарах юм. Эзэнтэй нь биш бээлийтэй нь заргалдаад явах хэмжээний оюунтай хүн болохоор Чулуунбатыг ална л гэх юм, гэтэл цаадах нь өөр шиг нь бас л жийгдчихсэн гар шүү дээ. нямдоржийн гарт орсон "Чулуунбатын толгойг хага цохих багаж" гэгдэх алаг цоог баримт чухам зуусан бараас өөрөөс нь гарч ирснийг ойлгоход түүнд нэмэлт тархи хэрэгтэй л дээ. "Манай нам хагарна гэж та нар горьдож байгаа бол ёстой гонж" гэж ирээд л нямдорж УИХ-дээр агсамнан сөрөг нам руугаа довтолно. Үнэндээ хагарах эсэхийг нямдорж мэддэг болж байна уу? МАХн-ын нэр хэзээ ч байгаагүйгээр доош орсон. Энхбаяр унтарч буй зулыг өөртөө ашиглахын тулд эцсийн хүчтэй бадамлалтыг зохион байгуулсан. Бүх нөөцийг нь шавхаад барсан. Маавр хийдгээ хийсэн, маавр одоо зайлах ёстой! Өөрөөр хэлбэл МАХН түүхийн тавцангаас арчигдах ёстой! Энхбаяр одоо булшин дээр нь таанцлах Монголын ардчилсан хөгжлийн нам буюу бас нэг МАХН-ыг маань хөгжөөн уншуулж байгаа. Энхбаярын тулах цэг нь одоо Ху биш Ардчилсан нам. Дараагийн ээлжээ иртэл Ардчилсан нам Ерөнхийлөгчөө тойрон ёохор хатирах болно. Энэ ч яахав, тэртээ тэргүй тодорхой болчихсон ойлгомжтой зүйл. Гэтэл мань хүний ээлжит золиос лүд барамнууд нь сүүлийн үед их сонин болж эхэллээ. Монросцветмет Асгатын ордын лицензийг эзэмшдэг байжээ. Лицензийн төлбөрийн хугацаа болчихсон байв. Манай хүн Уул уурхай хариуцсан сайдтай яриад лиценз хариуцсан хүнийг нь бултуулчхаж. Ингээд хоногийг нь өнгөрөөгөөд лицензийг хүчингүй болгож орхив. Тэгэнгүүтээ Ерөнхий сайдыг дуудаад "цаана чинь Оросын лицензийг хүчингүй болгочхож. Одоохон эргэж хүчинтэй болго. Би одоо Орост айлчлах гэж байхад даанч яав даа та нар" гэх нь тэр. Ямар ч лицензийн ойлголтгүй явсан Энхболд хүмүүсээ дуудан загнаж өдөрт нь зарлигийг ёсоор болгов. Москвад очуутаа Төрийн өмчийн Сугар, элчин сайд Хангай, Монросцветметийн Эрдэнээ нарыг дайчлан шахаж Оросын Полиметалл хэмээх компанитай Асгатыг эзэмших гэрээнд гарын үсэг зуруулуулжээ. Ерөнхийлөгч Путинтай уулзаад "Бидний анхны гэрээ ингэж үзэглэгдсэн нь сайхан хэрэг боллоо" гэж хэлсэн байна. Улаанбаатарт буцаж ирэнгүүтээ өнөө муу Энхболдоо дуудаж авчраад "Цаана чинь Москвад Асгатыг эзэмших гэрээ хийгдчихэж. Одоохон хүчингүй болгохгүй бол хууль бус юм болж байна" гэх нь тэр. Хөөрхий Энхболд нь ойлгосон ч юм байхгүй тэр дор нь Засгийн газрын хурлаар асуудлыг оруулан дахиад л ёсоор, гэхдээ түрүүнийхээ хийсний эсрэгээр болгож орхилоо. Монросцветметийн шинэ захирал Эрдэнээ Полиметаллаас 2 сая долларын хахууль авсан байж магадгүй бор шувуу ч ойлгомжтой газраас хөөрөн нислээ. Сугар ч зүгээр байгаагүй бололтой. Гэнэт эх орноо зарж орхисон хэрэгт орчихсон Эрдэнээ гайхахын туйл болж өөрийгөө өмгөөлөн сонинд хүртэл ярилцлага өглөө. Харин Энхбаяр тас гүрийж энэ гэрээний талаар огт юм мэдэхгүй гэж албан ёсоор зараллаа. Тэгсэн мөртөө тэр дор нь Москва руу "Асгатын талаарх Полиметаллийн гэрээг энд Монголын Засгийн газар унагаж орхилоо. Гэхдээ найдвар байгаа, дахин ярилцъя" гэж хэлүүлжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ!? Шан харамжаа голоод байгаа юм уу, шагналаа өсгөх гээд байгаа юм уу, эсвэл зүгээр л зугаа болгож Монголын Засгийн газрыг шившиг болгож байгаа юм уу? Өмнө нь Ерөнхийлөгч Буштай уулзахдаа Монголд хөрөнгө оруулалт хийж буй Айвонхо майнз компанийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байдаг. Монголд нэр хүндтэйгээс гадна Бушийн гэр бүлийнхэнтэй ойр дотно жэймс Бэйкэрийг Монгол руу явууллаа. Буш зэсийн


наймаа хийх гээд буй хэрэг биш, ерөөс Монголд Хойд Америкийн дорвитой хөрөнгө оруулалт орж ирэх нь Монголын эрх ашгаас гадна АНУ-ын өөрийнх нь сонирхол мөн. Гэтэл Бэйкэрийг ирэнгүүт нь хэлээ гаргаж, салаавч зангидаж, нүүр рүү нь нулимах ажлыг мань хүн өөрөө санаачлан удирддаг юм. Сонин байгаа биз? Юуны тулд юуг золигт гаргаад эхлэв ээ? Таамаг л тавихаас зорилгыг нь тодорхойлоход өнөөдөртөө арай эртдээд байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд л мань хүний баадууг нь мушгиад тавьчихсан хүүхэлдэйнүүд орилоод л гүйлдээд явах юм. Монгол тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Энхбаярын одоо эдэлж байгаа эрх мэдэл нь соёлжсон аль ч орны Ерөнхийлөгчийн санаархаад ч олдохгүй хэм хэмжээ. Мугабэ, Чааваас, Ким Чэн Ир, Лукашенко, Каримов нар л ийм хэмжээний эрхтэй байх. Энэ тухай хожим тодорхой ярилцъя. Холливүүд Терминатор киноны 4 дүгээр ангийг хийх гэж байгаа дуулдана. Өдгөө мужийн амбан захирагч болчихсон Шварцнеггер дахин тоглох болов уу хэмээн үзэгчид тэсч ядан хүлээнэ. Ямар сэдвээр гарах бол? Уг нь манай энд сайхан терминатордаж байна даа, баримтат кино хийсэн ч амьтны сонирхол татна даа. Терминатор гэдэг бол эвдэн сүйтгэгч гэсэн утгатай үг юм шүү дээ.


ЧААВААС БА ТҮҮНИЙ НӨХӨД 1955 онд Эвсэлд нэгдээгүй орнуудын анхдугаар бага хурал Бандунгт болжээ. Гол захиалагч нь ЗХУ, БНХАУ хоёр байсан юм. Тэд дэлхийг хоороор нь АнУ болон Европын эсрэг хандуулахаар зорьжээ. Ийнхүү Гуравдугаар ертөнц мэндэлж, ийнхүү дэлхийг хамарсан зохион байгуулалттай терроризм хэмээх үзэгдэл төрсөн юм. Чухам энэ хурлаас хожмын зартай террористууд үйл ажиллагааныхаа гарааг эхэлжээ. Араас нь орос хятадууд санхүү болон сэтгэл санаагаар үргэлж дэмжиж байлаа. Хүйтэн дайн дууссанаар энэ байгууллага үндсэндээ дампуурч бараг алга болжээ. Монгол улс Бандунгийн бага хуралд төлөөлөгчөө оролцуулж байсан. Гэвч 1966 оноос Зөвлөлтийн цэргийг нутаг дээрээ байнга байршуулж эхэлснээс хойш тэдэнтэй нийлэхээ больсон юм. Энэ бүлэглэлийн идэвхтэн байхын тулд үгүй наад зах нь хүйтэн дайны сөргөлдөгч гол хоёр орны албан ёсны цэргийн холбоотон байж болохгүй номтой. Харин Хүйтэн дайн дуусаж гуравдугаар зэрэглэлийн орнууд энэ байгууллагаас дайжиж эхэлж байхад Монгол улс гишүүнээр элсчихлээ. 1989 он буюу ардчилал эхлэхийн урд жил. Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргахын тулд хийсэн бас нэг алхам. Мөн буурай орнуудын өрийг хүчингүй болгох, далайд гарцгүй орнуудыг тусгайлан харж үзэх зэрэг шинээр бие дааж эхэлж байгаа Монгол улсын асуудлыг энэхүү Эвсэлд нэгдээгүй орнуудын байгууллага шийдэж өгөх болов уу гэсэн горьдлого. Монгол улс Югослав шиг аль ч талд ордоггүй төвийг сахисан орон болъё л гэж бодож л дээ. Коммунизм сүйрнэ, ЗХУ задарна, варшавын гэрээ устана гэж тэр үед хэн мэдэх вэ дээ. Хойтон жилээс нь эдгээр "аймшигт" процесс яах ийхийн зуургүй болж Монгол улсын гадаад бодлогын концепц үндсээрээ өөрчлөгдлөө. Шинэ элссэн өнөөх байгууллагаа ч тоохоо байж, хурлыг нь байнга пялдаг боллоо. Их бодож л Гадаад яамнаас хүн хуралд нь оролцсон болно. Хүйтэн дайны дараах уул байгууллага ч цочролд ороод бараг нас барчихсан хэрэг. ХХI зуун эхлүүт Хүйтэн дайны дараагийн үр төл амилж эхэллээ. Энэ нь "лалын" гэх тодотголтой аймшигт терророор эхлэв. Хүн төрөлхтний өнөөгийн хөгжлийн хандлагыг үл зөвшөөрөгчид нэгдэж эхэллээ. Өдгөө лализмтай огт хамаагүй Хойд Солонгос, Болив, венесүэл, Беларус гээд олон орон энэ фронтод нэгдлээ. 9 сарын 11-ий дараахан Эвсэлд нэгдээгүй орнуудын байгууллагын сүнсийг дуудаж дахин амилуулах гэсэн анхны оролдлого 2002 онд Малайзын Ерөнхий сайд Махатирын санаачилгаар Куала Лампурт болов. Шинэ Азийг босгоно гэсэн уриатай тэрээр шинэ Азидаа Америкийн гинжний нохой Япон, Өмнөд Солонгос хоёрыг хасаж тооцож байсан юм. Харин Ерөнхий сайд н. Энхбаяр энэ хуралд "шинэ ази" болчихсон давхиж очиж айлдвар тавив. Энэ байгууллага Монголоос анх удаа ийм зэрэглэлийн дарга харж буй нь энэ. Монгол улсын 1990 оны Гадаад бодлогын концепц бол юутай ч өнөөдөртөө хөндөж болохгүй зүйл, аль ч нам үүнийг дураараа өөрчлөх буюу засвар хийж болохгүй учраас тухайн үед нь би сонинд өгүүлэл тавьснаар барахгүй энэ талаар Энхбаяртай өөртэй нь очиж уулзсан юм. Магадгүй шинэ зуун гарсаар түүнтэй уулзсан миний ганц тохиолдол байх. Энхбаяр асуудлын эмзгийг ойлгож буйгаа илэрхийлсэн төдийгүй саях хуралд оролцсоныгоо Америкийн хүсэлтээр бараг тагнуул хийгээд ирсэн шахуу байдлаар тайлбарлаж байв. Энэ үед Ерөнхийлөгч Багабанди Өмнөд Африкт болж буй тогтвортой хөгжлийн талаархи дэлхийн


форумд оролцохоор явсан байв. Хойшид дэлхийн болон бүс нутгийн Засгийн газруудын хуралд Монголын Ерөнхийлөгчийг оролцуулах нь их л утгагүй хэрэг болох талаар харин бид хоёрын ам байтугай юм нэгдэв. жишээлэхэд Японы хаан, Энэтхэг, Герман, Австрийн Ерөнхийлөгч хэзээ ч нҮБ-ийн хуралд оролцдоггүй шиг. Энхбаяр намайг энэ талаар бичиж өөртөө хамаагүй юманд далжганан оролцдог Багабандийн бөгсийг нь улайтал элэглээч гэж хүртэл догиож байлаа. Шинэ хүйтэн дайныг санаачлагч цөөврүүд улам идэвхжиж эхэллээ. Ахмадинэжад, Лукашенко, Мугабэ, Ким Ен нам, ах дүү Кастро, Эво Моралес, Хюго Чааваас болон эдэн шиг алдаршиж арай амжаагүй жижиг гарууд Гаванад цугларч АНУ-ыг шүүх шүүхийн ажиллагаа зохиож байгаа юм. Дотор нь Монголын коммунист толгойлогч Энхбаяр шинэхэн найз ардчиллын баатар Гончигдоржийгоо дагуулан очиж оролцож байна. Хэний даалгавраар тагнуул хийж яваа юм, бүү мэд! Манай гаригийн өнөөгийн хөгжлийн хандлагыг улайран эсэргүүцэгчдийн дээд хэмжээний чуулгын баатруудыг өнгөрдөг хагас сайнд СNN, ВВС зэрэг том агентлагууд дүрстэйгээр тодруулан харуулахад манай үеийн Монголын бахархал (гутамшиг?), үндэсний маань удирдагч (гамшиг?) нааж л явна. Хэдийгээр Энхбаярыг дагаж явсан сурвалжлагч нь мань хүнийг Чааваас, Зимбабвегийн Мугабэ хоёртой уулзаж байхад нь авсан фото "баримтаа" Өнөөгийн Монгол сонинд дурайтал тавьсан боловч түүнийг Хюго Чааваастай хүзүү сээрээ холбочихсон гэж бодохгүй байна. Куба ороогүй удсан болохоор ямархуу байгааг нь үзэх гэсэн цэвэр сонирхлын үүднээс л очсон байх. Алдаршаад байгаа хүний хажууд зургаа авахуулаадахъя гэж бодоо л биз. нэг үгэндээ чааваас спортын мастер цолоо л бататгаж яваа хэрэг болов уу даа. Гэхдээ Монгол улсад гадаад бодлого байна уу? Хэн үүнийг хариуцах ёстой юм бэ? Гадаад бодлого маань бядан явагч бялзуухайн хаашаа нисмээр санагдсанд хөтлөгдөх ёстой юу? Гадаад бодлогын тогтсон концепц өөрчлөгдөж буй хэрэг үү? Хэнд өөрчлөх эрх бий вэ? Засгийн газрын хариуцах гол чиглэлийн нэг гадаад бодлого одоо өөр хүний гарын үзэмжид хамрагдах болоо юу. Эсвэл Ерөнхийлөгч Засгийн газраа удирддаг ба шийдвэрээр дан ганц өөрийн данхар толгойгоор шийддэг болсон юм болов уу? 2006 оны 9 дугаар сар 3


ЮУН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ВЭ? Сонгууль булхайтай болсон. Үүнийг сонгуулийн хорооны дарга хүртэл өөрөө зөвшөөрсөн. Зарим нэг таг сохор коммунистыг эс тооцвол булхай луйвартай болсныг хэн ч үгүйсгэхгүй л байна. Гэхдээ энэ анхных нь биш. Гол нь сүүлчийнх нь байгаасай гэдэгт л асуудал байна. Сүүлчийнх байлгахын тулд арга хэмжээ авах ёстой. Дахин сонгууль бол дэндүү бололцоогүй хэрэг. Луйвар болчихлоо гээд ерөөсөө төргүй хоцрох гэвэл нөгөө талын туйлшрал. Дахин тооллого явуулъя гэдэг ерөнхий зарчим дээр талууд тохирох шиг боллоо. Эхлээд таван тойрог гэж байснаа сүүлд нь Баттулга гэх том дарга гурав болгоод оруулаад ирлээ. Ардчилсан нам үүнийг ядахнаа 5 тойрог байх ёстой гэж маргаж байна. Зүгээр, надаас асуудагсан бол ээлж дараатайгаар маргаан гарсан бүх тойрог дээр дахин тооллого явуулчихмаар санагдаад байгаа юм. Гэхдээ би ийм шийдвэр гаргагчийг сонгогч болохоос шийдвэр гаргагч биш учраас саналаа л хэлж байна. Миний бодоход эхний ээлжинд тангараг өргөхдөө гол хоёр улс төрийн намын гишүүний тоо аль алиных нь 39-д хүрэхгүй байвал хоёр тал хэлэлцээ хийх тэнцүү боломжтой болно. Ийм саналыг З.Энхболд тавиад байгаа л даа. Би л лав дэмжиж байна. Үнэндээ луйвар орсон болохоор аль тал нь сонгуулийн дүнгээр ялсан нь тодорхой биш гэсэн үг шүү дээ. Маргалдагч хоёр тал хүн томилоод хэлэлцээ хийх баг бүрдүүлжээ. Мал хөлөөрөө, хүн хэлээрээ, болж л байна. Хэлэлцээ хийх утга учир нь нэгэнт сонгуулийн явц луйвар гэхээ болъё гэхэд будлиантай болсон учир тэр асуудал дотроо л хэлцэж тэр л асуудлаа шийдэхэд чиглэмээр байдаг. Гэтэл хэлцэх асуудалд Үндсэн хууль өөрчлөх тухай яригдаад эхэлдэг байгаа. Үндсэн хуулийн 1999 оны нэмэлтийг хүчингүй болгоно гэж нэрлэж байна. 1999 оны нэмэлтээр буй болсон Үндсэн хууль чинь мөн л зүгээр л Үндсэн хууль шүү дээ. Одоо нэмэлт өөрчлөлт оруулбал бас л зүгээр Үндсэн хууль гэж нэрлэгдэнэ. нэмэлт өөрчлөлт, түүнийг хүчингүй болгосон, дахин сэргээсэн гэх мэтийн асуудал бол хуулийн өөрийнх нь түүх юм, энэ утгаараа ач холбогдол ч бага. Сая Ерөнхийлөгч Монгол улс 116 УИХ-ын гишүүнтэй болчхоод байгааг зарлалаа. Тоглоомоор л хэлж байгаа байх л даа. Гэхдээ үнэндээ манайх хууль тогтоох эрх бүхий ганц ч хүнгүй болчхоод байна. Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан дуудсан учраас түрүүний хурлын гишүүдийн эрх үлдсэн болохоос УИХ нь хууль тогтоох институцийн хувьд бүрэн дуусгавар болсон. Юун Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай нямдорж шиг сэм засах ч эрх байхгүй "хий тоологдсон" 116 хүн л байгаа байх. Тэд хууль өөрчлөх тухай ярьж байгаа бол долоон буудлын Должин эмээд ч бас тийм эрх бий. Тангараг өргөөгүй бол тэдний хэнд нь ч ямар ч эрх нээгдэхгүй. Цаашлаад Үндсэн хуулийн 1999 оны өөрчлөлтийг МАХн, МҮАн, МСДн гэсэн тэр үед УИХ-д суудал эзэлж байсан гол гурван нам зөвшилцөн хэлэлцэж байж хийсэн юм. Худлаа гэвэл бүгдийнх нь гарын үсэг тэнд байгаа. Төрийн эрх барьж байсан, парламентад олонх суудлыг эзэлж байсан Ардчилсан хүчнийхний зүгээс энэ өөрчлөлт нь улс орныхоо ирээдүйг бодсон том хүлцэл, сайн санааны илрэл байлаа. Тухайн үед суудлын 66 хувь нь ирц бүрдүүлдэг


нормтой байсан нь цөөнх МАХн-д хэт давуу тал олгож төрийн машиныг гацаах гол арга нь болж хувирсан билээ. Тэр жилүүдэд махновцууд 120 гаруй удаа хурлыг хаяж сүржигнэн төрийн машиныг ямар ч шийдвэр гаргахгүй болгон бах таваа хангаж байв. Зарим саналыг нууц өгч болдог тогтолцоо байлаа. Уул нь ард түмнээс сонгогдсон элчийн ямар асуудалд яаж санал өгч байгаа нь эргээд ард түмнийхээ өмнө ил тод байх зарчимтай л даа. Гэтэл энэ гажигтай тогтолцоо нь богино хугацаанд 4 Засгийн нүүр үзэх байдалд хүргэжээ. Урвагчид, увайгүй шаарууд, явцуу эрх ашгийн шинэ бүлэглэлүүдэд энэ нь сайхан боломж олгож байлаа. Үндсэн хуулийн зарчмаараа бид парламентын засаглалтай боловч Ерөнхийлөгчийн тухай заалтууд нь тодорхой бусаас болоод түүнд логикоор олгогдоогүй эрхийг нь атгуулж байв. Мань Багабанди Засгийн газрыг хэнээр толгойлуулахыг шийддэг болж "зөвшилцөл" гэдэг үгийг мөн ч сайхан мушгин гуйвуулж байсан даа. Ганболдын нэрийг 7 буцааж байлаа. Ерөнхий сайд болохоор горилогчид өөрийн явцуу шаардлагаа ч тавьж "зөвшилцөх" гэж байлаа. Муутай ч сайтай ч Монголын төр, цааш ийм утга учиргүй механизмаар явах ёсгүй гэсэндээ Ардчилсан хүчин дараагийн парламентаас мөрдөгдөх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал болгосон юм. Дараагийн парламент МАХн-ынх, Ерөнхий сайд нь Энхбаяр гэдэг нь тэр үед дэндүү тод болчихсон байсан хэрэг. Гэхдээ Энхбаяр мөнхийнх биш, ардчилсан зарчим, ардчилсан төр мөнхийнх гэсэн хүлцэл бүхий сайн санааг бид гаргаж байв. 2005 оноос хойш энэ өөрчлөлтийг хүчингүй болгох яриа их гарч эхэлсэн. Яриа гарч эхэлсэн цэг ч юмыг яльгүй логиктой харж чаддаг хүнд илэрхий байлаа. Харин энэ нь санал санаачилгыг гаргаж ирсэн улс төрийн хүчний албан ёсны шаардлага болоод босоод ирнэ чинээ санасангүй. Тэгээд тэрийгээ Монголын төр залгамжлан үргэлжлэх эсэх гэсэн маш хурц асуудлаар барьцаалагдан орж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ? Бүр болоогүй, сонгуулийн луйвар булхай ярьж байхад бидний амьдарч байгаа үндсэн зарчим, механизмтай холбогдуулж байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ? Хэнд? Эхний ээлжид ганц хүнд л хэрэгтэй мэт харагдаад байна. Монголд хууль тогтоох, өөрчлөх, орондоо болон жорлондоо засах эрхтэй ганц ч хүн өнөөдөртөө байхгүй байгаа шүү. Хоёр намын хэлэлцээ нь сонгуулийн булхай луйврыг засах, луйвраас үүдсэн хор холбогдлыг аль болох багасгах чиглэлээр л байх ёстой баймаар. Бусад асуудлаар ярих эрх хэлэлцээрт орж буй хэнд нь ч байхгүй. Яагаад гэвэл тэд тангаргаа өргөөгүй, яагаад гэвэл тэдэнд тэр эрх нь нээгдээгүй байгаа. Асуудал халина халина гэхэд арай ч дэндэнэ ээ!


АЙДАС Бяцхан хүү Сайнбаяр багшаасаа айна. Хичээлээсээ биш багшаасаа. Баяр ёслол тэмдэглэх, анги засах, нийтийн арга хэмжээ гээд багш нь хүүхдүүдээс байнга мөнгө нэхнэ. Хүүд ийм мөнгө байхгүй. Ээжид нь ч байхгүй. Багш хүүг энэ хэргээр байнга дарамтална. Сайнбаяр их айдастай яваа. Лутбаяр өвөө хороон даргаасаа айна. Тэтгэвэр нь хүрдэггүй энэ өвгөнд олон улсын тусламжаар хааяа ирдэг ирдэг гурил будаа маш чухал. Үүнийг хороон дарга үзэмжээрээ тараадаг юм. Хоёр ч удаа өглөгөөс хасагдаж байсан. Солонгост харласан хүү нь хааяа нэг удаа утсаар ярихдаа ардчилсан намд саналаа өгөөрэй гэж захисныг нь биелүүлж байгаад хороон даргад баригдчихсан юм. Ингээд зуултад оржээ. Өвгөн одоо даргыг царайчлан харцаар нь хөдөлнө. Лутбаяр их айдастай яваа. Батбаяр үзүүлдэг эмнэлгийнхээ сувилагчаас айдаг. Тэр чихрийн шижинтэй. Ийм хүмүүст улсаас сар болгон инсулин болон тариур өгдөг юм. Сувилагч үүнийг ядахнаа л хайрцаг шоколадаар сольдог. Батбаяр группд байдаг болохоор цалин мөнгөгүй. Гар хоосон очихоор сувилагч эм тариа нэгэнт дууссан гэж хариулдаг. Батбаяр их айдастай яваа. Уламбаяр замын цагдаагаас үхтлээ айна. Тэрээр нэг удаа халамцуугаар машин барьж яваад цагдаад баригджээ. Удтал ярьж байж хахуульд 300 мянган төгрөг өгөхөөр тохирсон аж. Харин тэр мөнгө нь түүнд байхгүй учир гол гаргачиж. Үүнээс хойш цагдаа түүнийг дарамтлан, явах болгонд нь өө хайн торгосоор одоо нэгэнт тэр хэрийн мөнгө төлжээ. Гэвч цагдаа түрүүн амласан хахуулиа нэхсээр. Уламбаяр их айдастай яваа. Ганбаяр хорины цагдаагаас айдаг. Захын хороололд байдаг жижиг түцэндээ тэр архи нууцаар зардаг юм. Үүнийг нь цагдаа мэднэ. Харин цагдаа архи хэрэг болохоороо шууд нэхээд авчихдаг. нэг удаа хармалснаас болж зодуулсан төдийгүй шоронд суулгана гэж заналхийлжээ. Ганбаяр их айдастай яваа. Болдбаяр эрх баригч бүлгээс айдаг. Эрхбаригчдыг тэрээр олон жил магтан дуулж, сонгууль болгонд нь гүйсэн. Түүний бүхий л уран бүтээл тэр чигээрээ эрх баригчдад зориулагдсан. Шанд нь гурван өрөө байр өгсөөн. Гэхдээ байрны ордерыг түүний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа юм. Хэзээ ч эргүүлээд хураагаад авчиж магадгүй. Болдбаяр айдастай яваа. Дандаабаяр мэргэжлийн хяналтынхнаас сүнсээ зайлтал айдаг. Тэрээр дунд зэргийн гуанзтай. Зэргэлдээ байранд байрлах дүүргийн мэргэжлийн хяналтынхан эдний гуанзанд өдөрт дор хаяж нэг удаа үнэгүй хооллодог. Баяр ёслолоор хамт олноороо ирж шөнөжин наргина. Мэдээж үнэгүй. Дандаабаяр мундахгүй паакттай. Иймээс торгуулиас эхлээд гуанзаа хаалгах хүртэл түмэн ял түүнийг хүлээж байгаа. Дандаабаяр их айдастай яваа. Эрдэнэбаяр даргаасаа их айдаг. Гаалийн байцаагчийн ажилд ороход 10 сая төгрөгийн хахуулийн ханштай авч дарга нь түүний үнэ төлбөргүй авчээ. Дараа нь түүний захиалгаар олон операцад орж гэнэт баяжсан. Баригдвал шоронд орно гэдгээ тэр сайн мэдэж байгаа. Гэвч даргын дарамтад тэр яаж ч чаддаггүй. Эрдэнэбаяр их айдастай яваа.


Отгонбаяр хотын захиргааныхнаас их айдаг. Тэрээр хахууль өгч байж Туулын эрэг дээр газар аваад нэлээд том байшин эхлүүлжээ. Гэтэл дарга солигдоод шинэ ирсэн нөхөр нь түрүүний өгснөөс их хахууль нэхээд эс өгвөөс тогтоолыг хүчингүй болгоно гэж заналхийлж байгаа. Отгонбаяр их айдастай яваа. Эрхэмбаяр өрсөлдөгч компаниасаа их айдаг. Тэрээр тэндэрт хавтгай авилга тарааж байж өндөр хүчдэлийн шугам татах эрх олж авсан юм. Зориулна гэсэн өртгийнхөө 20 хувиар шугамаа бариад хүлээлгээд өгсөн боловч тэр нь нэг шуурганаар юу ч үгүй нуран унажээ. Үүнийг аргалаад байгалийн сүйрэл гэж тайлбарлан дахин улсын төсвөөс мөнгө гаргуулж янзалсан боловч тэндэрт ороод ялагдсан нөгөө компани гомдол гарган дарамтлаад байгаа. Эрхэмбаяр айдастай яваа. Одбаяр хэвлэлээс их айдаг. Арай гэж УИХ-ын гишүүн болоодохсон чинь түүний урьдын явдал, шорон оронд орж байсан, хүчин хулгайн асуудлыг нь сонинууд нээчих гээд л нээчих гээд л байдаг. Тэдний амыг хаахын тулд олон төгрөг үрсэн. Одбаяр их айдастай яваа. Сонинбаяр эсрэг фракцынхнаасаа их айдаг. Эрдэнэтэд тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг сүүлийн таван жил гардсаны хувьд олон сая доллар хүүдийлсэн. Үүнийг нь мэдэхгүй хүнгүй болсон төдийгүй түүнийг луйварчнаар нь дуудаж байгаад нөгөө фракцынхан энэ бизнесийг нь булааж авах гээд байгаа юм. Сонинбаяр их айдастай яваа. Давхарбаяр УИХ-ын гишүүдээс их айна. Арай гэж сайд болсон түүнийг, түүний багтаж байгаа Засгийн газрыг эд үргэлж огцруулна гэж заналхийлдэг. Давхарбаяр их айдастай яваа. Очбаяр төрийн тэргүүнээс их айдаг. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд орох гэж тэр их ч хөдөлмөр их ч хөрөнгө хаясан. Гэвч түүнийг дуртай цагтаа ажилгүй болгож болно. Сэрэмжлэх арга хэмжээ авч багагүй долигонож даалгаврыг нь илүү гартал биелүүлж байгаа ч гэсэн хэзээ ч халагдах магадлалтай. Очбаяр айдастай яваа. Эзэнбаяр эднээс бүгдээс нь айдаг. Ерөнхийдөө айдаг. Ялангуяа Сайнбаяр хүүгээс бүр ч их айдаг. Яагаад гэвэл тэрний гарт ирээдүй байгаа. Яагаад гэвэл тэр хожим ялын тогтоол уншина. Яагаад гэвэл тэр жаал энэ айдсаар хучигдсан илжирч ялзарсан нийгмийг нураана. Эзэнбаяр их айдастай яваа. Айдас анх бурхныг буй болгожээ. Айдас дараа нь толгойлогчийг буй болгосон. Тэгээд дарангуйлагчийг буй болгосон. Айдас эцэст нь эзнийг буй болгожээ. Эзэнбаяр! Эзэн айдсан дунд айдсын тогтолцоо буй болгожээ. Тэр өөрөө хамгийн том айдастай хамгийн их айж байгаа хүн нь. Тэр өөрийн буй хувцасгүй явсан нь айдсын хүлээсэнд амьдарснаас хавьгүй дээр Айдас айлгаж буй юмаа алга болоосой гэж хүсдэг. Сайнбаяр хүү багшийгаа ажилдаа битгий ирээсэй гэж хүснэ. Лутбаяр сувилагчийгаа ажлаасаа халагдаасай гэж хүснэ.. Сонинбаяр эсрэг фракцынхныгаа бөөнөөрөө осолд ороосой гэж хүснэ. Очбаяр тэргүүнийгээ шоронд ороосой гэж хүснэ. Эзэнбаяр жаал хүү Сайнбаярыг турж үхээсэй гэж хүснэ. Айдаст автсан эдгээр хүмүүс хүслээ ажил болгохоор хөдлөх болно. Айдас хүнийг хамгийн балмад ажиллагаа руу түлхдэг. Аймхай хүн өөрийнхөө айдсыг бусдад нялзаадаг. Бүгдээрээ айж байвал гоцлон айгчид яльгүй ч гэсэн тайвширдаг. нийгмээрээ айдсаас өөр айх юмгүй болж


авна. Аймхайчууд эрх мэдэлтэй зууралддаг, учир нь тэрнээсээ салбал үхэл гэсэн үг. Айдсын ханыг нураах амархан. Уг нь тун яльгүй зориг л хангалттай. Гагцхүү бид нураахаасаа айгаад байна. нураалтаас үүсэх дуу чимээнээс, тоос шорооноос, үймээн сандралдаанаас бид айгаад байна. Энэ ханыг нураахад мэдээж бөөн бужигнаан үүснэ. Хэсэгтээ үнэр танар нь дийлдэхгүй юм болно. Гэвч бид айдсаас чөлөөлөгдөх болно. нэгэнт айдасгүй болчихвол сонгох зам аяндаа тодорно. Харин бидэнд одоо ямар ч сонголт алга. Бид айдастайгаа зууралдсаар. Бидэнд айдаснаас өөр айх юм алга. Бидэнд айдсын ханыг нураах цор ганц сонголт л байна.


ШИЛЖИЛТИЙН ҮНДСЭН ХУУЛЬ 1950-60 он нь колонийн задралын үе байлаа. Дэлхийн II дайны дараа Өрнөдийн орнууд Ази Африк дахь колониосоо бушуухан салахын түүс болов. Есөн шидийн угсаатны хольц болсон газрууд Европын аль нэг орны эзэмшил гэдгээрээ нэг улс болон тооцогдож эхэллээ. Колоничлогчид тэдэнд тусгаар тогтнол гээч юмыг зүгээр л бэлэгт тарааж байв. Энэтхэг, вьетнам, Бирм зэрэг эртний гүрний уламжлал туршлагатай орнууд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авч байсан бол Африкийн ихэнх орнууд болон Инденозийн арлынхан яагаад ч юм хаа нэгтэйгээр хил тогтоон тусгаар улс гээч болж байв. Угсаатан, соёл, уламжлалын ижилслийг бараг л гуравдугаар зэргийн асуудалд оруулан үл тоомсорлоно. Харин колони орнууддаа Үндсэн хууль гээч юмыг үйлдвэрлэж өгөн түгээж байлаа. Үндсэн хууль болгон ардчилсан. Үндсэн хууль байтугай наад захын бичиг үсэгт тайлагдаагүй ширэнгийн бүдүүлэгчүүл хүний иргэншлийн түүхийн нэлээд хожим үеийн соёлжуулсан зохицуулалттай болж буй нь тэр. Ерөнхийлөгч болон төрийн бусад удирдлагад колонийн армийн цэрэгт алба хааж үсэг тайлагдсан түрүүч, ахлагч гол төлөв хүмүүс тавигдана. Ингээд л тусгаар тогтносныхоо маргаашаас эхлээд л овог отог хоорондын их дайнд мордоцгоосон доо. Англичууд нийтдээ 600 орчим Үндсэн хуулийн төсөл бичиж өгсөн байгаа юм. Бүгд ардчилсан хууль. Бүгд сонгуулийн системтэй. "Улс" болгонд дор хаяхад 10-аас доошгүй янзын хувилбараар. Тус газраа самбайгаар хааж жад барьсан харууд хүний мах идэнгээ тэр Үндсэн хуулийг нь уншиж судлаад аль нэгийг нь сонгох ёстой юм гэнэ. Хамгийн инээдтэй нь Үндсэн хуулийн мэргэжилтэн болох англичууд өөрснөө Үндсэн хуульгүй аж! ХХ зуунд тохиосон өөр нэг том задрал 90-ээд оны үед болсон юм. Коммунизмын дарлалаас хүн төрөлхтний үлэмж хэсэг нь чөлөөлөгдлөө. Эстон, Казахстан, Босни, Словак, Тажикстан, Молдав зэрэг нэлээд олон улс түүхэндээ анх удаа шинээр буй болсны зэрэгцээ Армен, Гүрж, Киргиз, Литв зэрэг нэн эртний гүрнүүд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авлаа. Монгол, Польш, Унгар зэрэг тусгаар орнууд системийн дарлалаас чөлөөлөгдсөн юм. Эдний алинд нь ч цоо шинээр ардчилсан Үндсэн хууль боловсруулж хүн төрөлхтний жам ёсны хөгжил рүү орох үгүй наад зах нь хууль эрхийн акт хэрэгтэй болжээ. Ийм улс орон нийтдээ 40 гаруй байлаа. Монгол нь 1990 онд түүхэн утгаараа төр улсын нэн эртний уламжлал түүхтэй боловч түүхэн хоцрогдлоос шинэхэн гарч ирсэн, иргэншлийн ирмэгт дөнгөж хүрсэн, орчин үеийн түүхийн утгаар шинэ залуу улс байлаа. Тусгаар боловч, ардчилсан төр, нээлттэй нийгмийн уламжлалгүй, зах зээлийн харилцааны тухай ойлголтгүй байсан юм. Ядахдаа чөлөөт нийгэм рүү гараад явчихсан өөрийн цагаачгүй байлаа шүү дээ. Оросоос өөр хэл устай хүн цөөн, байлаа ч тэр нь нээлттэй нийгмийн хууль эрх зүй болон чөлөөт зах зээлийн эдийн засгаар мэргэшээгүй учир бараг л бүх юм харанхуй манан мэт. Тиймдээ ч "монгол ухаан" гээч юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй сонин нэр томьёон дээр очиж овооролдож байсан. Давуу тал нь дагнасан нэг үндэстний улс, хүчирхэг төрийн домогт сүүдэр байсан юм. нэг үгэндээ бахархах өвөг дээдэстэй. Үндсэн хууль боловсруулах комисс байгуулж, тэр нь Монголын анхны парламент болох Улсын бага хурлаар хэлэлцсэн ба яг батлах болохоороо засаг захиргааны нэгжээр сонгогдсон


430 гаруй депутатыг нэгтгэсэн Ардын их хурлаар орсон юм. Энэ гурван дамжлагыг дамжихдаа Үндсэн хуулийн төсөл нэлээд эвдэрсэн. Парламентын засаглалыг сонгож авсан боловч Ерөнхийлөгчийг ард түмнээр сонгох болон улмаар түүнд шүүх засаглалыг даатгасан, УИХ-д хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх эрх олгосон, эрх мэдлийн тодорхойгүй вакуум буй болгосон, процедурын хувьд яах нь үл мэдэгдэх "зөвшилцөх" гэсэн томьёолол олон газар оруулсан нь Ерөнхийлөгчийн төлөөлөх статусаас ихэд хальж хагас Ерөнхийлөгчийн засаглал буй болгожээ. Чухам энэ байдал нь Монголд засаглалын хямрал нэг бус удаа гарсны уг шалтаг болж өгсөн юм. УИХ-ыг Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага гэж тодорхойлсноор Засаглал хуваах үндсэн зарчмыг алдагдуулж, Гүйцэтгэх болон Шүүх засаглалын үүрэг ролийг багасган эрх мэдэл булаацалдах орон зай буй болгосон байна. Гэвч Үндсэн хууль баталснаар нийгэм эдийн засгийн үнэлж баршгүй дэвшилд хүрсэн юм. 16 жилийн дараах өндөрлөгөөс харахад Монголын шинэ нийгмийг байгуулсан шилжилтийн үе шатанд Үндсэн хууль өөрийн үүргийг маш сайн биелүүлж, нийгэм улс төр эдийн засгийн хөгжил дэвшлийн үндсэн чиг баримжааг гаргаж өгсөн юм. Өдгөө Үндсэн хуулийн өө сэв нь тод харагдаж, сайн тал нь батлагдаж байна. Монголчуудын хууль эрх зүй, зах зээлийн эдийн засгийн мэдлэг ойлголт ч шинэ шатанд гарчээ. Иймээс өнөөгийн нөхцөл байдалд тохируулж, монгол орны ирээдүйд тохируулж шинэ Үндсэн хууль хийх цаг нь болсон мэт. Гэвч үүгээр далимдуулж одоо байгаагаас нь дордуулах, эрх мэдлийг атгаг санаагаар хэн нэг нь хуулиар авах буюу хэн нэгэнд өгөх санаа бодол оршсоор байгаа тул шинэ Үндсэн хууль гэсэн санаа тун хянуур болгоомжтой, аажмаар илрэн биеллээ олбол дээр байх.


Get in touch

Social

© Copyright 2013 - 2024 MYDOKUMENT.COM - All rights reserved.